top banner

"Хаданд мөнхөрсөн урлаг"-аар нүүдэлчдийн соёл сэтгэлгээний түүхийг өгүүлнэ


2018-04-24 15:44:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НТӨ 1800-1200 жил, хүрэл зэвсгийн дунд үе, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорын морин тэрэг, неолитын үеийн “Төрж буй эмэгтэй”, Дундговь аймгийн Өлзийт сум Дэл уулын “Бөөгийн дүрслэл”, хүч үзэн барилдаж буй хоёр хүн, үлэмж биет аварга хүмүүс, тэднийг тойрон хүрээлсэн хүмүүс, ан амьтан зэрэг хадны дурсгалыг гэрэл зургаар харуулсан нэгэн сонирхолтой үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд үзэгчдийн хүртээл боллоо.

Энэ бол найруулагч, продюссер Б.Баярын “Хаданд мөнхөрсөн урлаг: Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн юм. Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээний хувьсал хийгээд монголын нутаг дахь 17-18 мянган жилийн өмнөх түүхийг тусгасан эл үзэсгэлэнг “Чулуун шастир” ТББ-ын тэргүүн П.Цагааны санаачилгаар “Степпе паблишинг” ХХК, “Сэмүүн” студи, Монгол Урлагийн зөвлөл хамтран хаданд мөнхөрсөн урлагийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулав.
 
“Чулуун шастир” ТББ-ын тэргүүн П.Цагаан хэлэхдээ, “Эдгээр хадны сүг зургийг хадгалан хамгаалж, судалгааны эргэлтэд оруулах юм бол хөгжлийг урагшлуулах хөшүүрэг, аялал жуулчлалын ховор нандин бүтээгдэхүүн болох боломжтой” гэдгийг онцлов.  
Үзэсгэлэнд найруулагч Б.Баярын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймагт буй 3000 гаруй хадны сүг зургийг хальсанд буулгаснаас дээжлэн 130 гаруй гэрэл зургийг дэлгэжээ. Тухайлбал, НТӨ 1800-1200 жил, хүрэл зэвсгийн дунд үеийг харуулсан Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорын морин тэрэг, неолитын үеийн “Төрж буй эмэгтэй”, Дундговь аймгийн Өлзийт сум Дэл уулын “Бөөгийн дүрслэл”, хүч үзэн барилдаж буй хоёр хүн, үлэмж биет аварга хүмүүс, тэднийг тойрон хүрээлсэн хүмүүс, ан амьтны зураг зэрэг дурсгалууд үзэгчдийн сонирхлыг татаж байв.



Найруулагч Б.Баяр хэлэхдээ, “Хадны сүг зураг бол хэдэн мянган жилийн тэртээгээс өнөөг хүртэл энэ газар нутагт амьдарч байгаа нэгэн үеийн хүмүүсийн зөн билэг, зүүд зэрэглээ, хүсэл сэтгэлгээний ертөнцийн урлагийн бүтээлүүдийг бидэнд захиж үлдээсэн код юм. Энэ нь зөвхөн монголын уран бүтээлчдийн төдийгүй дэлхийн хүн төрөлхтний үнэлж баршгүй өв юм. Анх 2010 оноос хадны сүг зураг авч эхэлсэн. Хамгийн сүүлийн зургийг гурав хоногийн өмнө Ховд аймагт авлаа. Онцлог бүтээл гэвэл Ховд аймгийн Үенч сумын Ямаан хавцал дахь хүннүгийн тамга, хоёр дугуйтай тэрэг, дөрвөн морийг дүрсэлсэн зурагт маш их хурдыг харуулж байна. Хамгийн эртний зураг гэхэд Америкийн Колумбийн их сургуулийн доктортой өнгөрсөн жил Хотон нуурын эрэг дээр уулзаж, ярилцаж байхад нэг хадны зургаас дээж авч, орчин үеийн технологиор лабораторид шинжлэн одоогоос 17-18 мянган жилийн өмнө үеийнх болохыг тогтоосон. Тухайн үед манай өвөг дээдэс урлагийн бүтээл туурвиж, тэр битгий хэл зан чанарыг үзүүлж, хөдөлгөөн харуулж байсан юм байна. Хадны сүг зургийг сайн анзаарвал баяр, уйтгар гуниг, хувцас хунар, ахуй соёл бүгд багтдаг. Энэ бүхнийг бидний өвөг дээдэс бүтээсэн учраас бахархах ёстой юм" гэв.

Тэрбээр 2011 оноос хойш хадны дурсгалт зургийн тухай “Сар мандсан нутаг”, “Рашаан хад”, “Буурал Алтайн урлан”, “Хотон нуурын хосгүй урлан” зэрэг баримтат киног бүтээсэн бол дахин 4 баримтат киноны зураг авалтад оржээ. Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал


Сурталчилгаа
Монгол брэнд