Ким Жөн Уны түүхэн мэдэгдэл ба олон улсын хандлага

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-04-24 16:23:49
Өнгөрсөн бямба гарагаас /21/IV/ эхлэн БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоож байгааг тус улсын удирдагч Ким Жөн Ун зарлан мэдэгдсэн нь олон улсын ажиглагчдын таамгийг “будилуулсан” бас нэгэн гэнэтийн содон үйл явдал байлаа. Учир нь, 5 дугаар сарын сүүлч эсвэл 6 дугаар сарын эхээр болж магадгүй байгаа АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын үеэр дээрх туршилтуудыг зогсоох тухай асуудлыг хэлэлцэнэ гэж ихэнх ажиглагчид үзэж байсан юм.

Өмнө нь Ким Жөн Ун БНХАУ-д гэнэтийн айлчлал хийсэн нь мөн л ажиглагчдын гайхшралыг төрүүлж байсан билээ. Учир нь, Өмнөд Солонгос, АНУ-ын Ерөнхийлөгч нартай удахгүй уулзах гэж буй Умардын удирдагч нэг хэсэгтээ нам гүм байж, уулзалтын үеэр баримтлах тактикаа боловсруулах болов уу хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байсан билээ. 

Ким Жөн Ун цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоох шийдвэрийг гаргах болсноо тайлбарлахдаа “социалист эдийн засгийг цогцлоон байгуулах шинэ стратегийн бодлоготой уялдуулан цөмийн зэвсгийг хураах бүх нийтийн үйлсэд манай улс нэгдэж байна” гэлээ. Гэхдээ өөрийн цөмийн чадавхийг хадгалан үлдэнэ гэдгийг тэрбээр онцолсон байна. 

Өмнө нь БНАСАУ мэдэгдэхдээ “хэрвээ АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтарсан цэргийн сургуулилт хийхээ зогсоовол цөмийн зэвсэг туршихаа зогсооно” гэдэг байсныг уншигчид сайн санаж байгаа. Гэтэл энэ удаад ямар ч болзол нөхцөл тавьсангүй, тэр дундаа Америкийн цэргийг Солонгосын хойгоос гарга гэсэн шаардлага тавиагүй нь ажиглагчдын анхаарлыг ихэд татлаа.

“Цөмийн хэрэгслийг зэвсэглэлд хүлээн авах үйл явц дууссан учраас цөмийн туршилт хийх, дунд болон алсын тусгалтай баллистик пуужингуудыг турших хэрэгцээ шаардлага бидэнд байхгүй боллоо. Үүнээс үүдэн цөмийн туршилтын талбай ч үүргээ нэгэнт гүйцэтгэсэн” гэж Ким хэлснийг Солонгосын Төв цахилгааны мэдээний агентлаг /KCNA/ уламжиллаа. “Ард иргэдийнхээ амьдралын түвшнийг эрс дээшлүүлэхийн тулд улс орныхоо хүний болон материалын нөөцийг дайчлах, хүчирхэг социалист эдийн засгийг бий болгохын төлөө бид бүхий л хүчин чармайлтаа төвлөрүүлж байна. Социалист эдийн засгийг бүтээн байгуулахын тулд бид гадаад орчиндоо таатай нөхцлийг бий болгоно” гэж БНАСАУ-ын удирдагч онцолсон байна.

Эдгээр мэдэгдлээс харвал, Өмнөд Солонгос, АНУ-ын төрийн тэргүүн нартай уулзах үеэрээ Ким Жөн Ун улс орных нь эсрэг авсан эдийн засгийн хоригуудыг цуцлуулахаар шаргуу оролдоно гэдэг нь тодорхой байна.

Олон улсын хандлага

Ким Жөн Уны мэдэгдлийг дэлхий дахин нааштайгаар хүлээн авлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудсандаа хамгийн түрүүнд “энэ бол Умард Солонгос төдийгүй дэлхий дахины хувьд тун сайхан мэдээ” гэж жиргэжээ. Тэрбээр дэлхийн дахины тусын тулд маш том тохиролцоог Ким Жөн Унтай хийж болохыг үгүйсгэхгүй байгаагаа 3 дугаар сард мэдэгдэж байсан билээ.  Үүний сацуу тэрбээр “Умард Солонгосын асуудлыг шийдтэл хол байна. Бүх зүйл шийдэгдэж ч магадгүй, шийдэгдэхгүй ч байж магад. Үүнийг цаг хугацаа л харуулна. Миний одоо хийж буй зүйлийг аль эрт хийх ёстой байсан” хэмээн тээнэгэлзсэн бодлоо илэрхийлэн жиргэсэн байх юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд “БНАСАУ-ын энэ шийдвэр нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад томоохон дэвшил гарсныг харууллаа. Энэ нь удахгүй болох хоёр Солонгосын Дээд хэмжээний уулзалт болон БНАСАУ-АНУ-ын Дээд хэмжээний уулзалт амжилттай болоход таатай нөхцлийг бүрдүүлнэ” гэж дурджээ.

Харин Япон улс эргэлзсэн байр суурьтай байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Таро Коно хэлэхдээ “Умард Солонгосын тал 2020 оноос өмнө цөмийн зэвсэггүй болсон байх ёстой. Тус улс ийм алхам хийхгүй бол хоригийг зөөлрүүлэх, цуцлах талаар ярихын ч хэрэггүй” гэжээ. Бодит байдал дээр цөмийн туршилтаас үнэхээр татгалзсан уу гэдгийг МАГАТЭ-гийн шинжээчид магадлах ёстой хэмээн Японы сайд онцолсон байна. 

Ким Жөн Уны гаргасан шийдвэрт талархалтай хандаж байгаагаа Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лу Кан илэрхийлээд “БНАСАУ-ын удирдлага ард иргэдийнхээ амьдралын нөхцлийг сайжруулах, эдийн засгаа хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах эрмэлзэлтэй байгааг энэ шийдвэр илтгэн харууллаа” гэжээ.

Кимийн гаргасан шийдвэрийг Орос улс “дэлхий дахины хувьд цөмийн мөргөлдөөнөөс зайлсхийх боломж” гэж тодорхойлж байна. Тус улсын Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга К.Косачёв фейсбүүк хуудсандаа бичсэнийг үзвэл “энэ асуудалд эцсийн цэгийг тавиагүй байгаа. БНАСАУ-ын хувьд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай Гэрээнд дахин нэгдэж, МАГАТЭ-тэй хамтын ажиллагаагаа сэргээх хэрэгтэй болох байх. Харин АНУ-ын зүгээс БНАСАУ-ыг доромжилж, түрэмгийлсэн хандлагаа зогсоох нь зүйтэй” гэжээ.

Шинжээчдийн дүгнэлтүүд

Улс орнууд ийнхүү байр сууриа илэрхийлж байгаа бол нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас олон улсын ажиглагчид Кимийн мэдэгдлийн талаар дүгнэлт хийх гэж яарахгүй байна. Гэхдээ Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн шинжээч Ким Ён Ун-ы хийсэн дүгнэлтүүд нэлээд сонирхол татлаа.                                                                     

Түүний үзэж байгаагаар, Умард Солонгосын гаргасан шийдвэр бол баттай нухацтай шийдвэр мөн, учир нь, уг шийдвэрийг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаас гаргасан нь санамсаргүй хэрэг биш ажээ. 5 жилийн өмнө болсон бүгд хурлаас цөмийн зэвсэгтэй болох ба эдийн засгаа хөгжүүлэх зорилтыг нэгэн зэрэг хэрэгжүүлнэ гэсэн шийдвэр гаргаж байсан юм. Энэ удаад “цөмийн хамгаалалтын бамбай” бий болгох зорилт биелсэн учраас эдийн засгийн хөгжлийн бодлогод гол анхаарлаа хандуулахаар Ким Жөн Ун шийдсэн нь илт байна. Ийм шийдвэрийг гаргаснаараа тэрбээр Трамптай хийх уулзалтад “энх тайвныг цогцлоогч” гэсэн имижтэйгээр ирэх аж. Ингэснээр Орос, Хятад хоёрын дэмжлэгийг авсан Умард Солонгосын удирдагч маш ухаалаг дипломат алхам хийж чадлаа гэж Оросын шинжээч дүгнэжээ. Түүний үзэж байгаагаар, удахгүй Д.Трамптай хийх уулзалтын үеэр Ким Жөн Ун дахиад хэд хэдэн буулт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход чиглэсэн Трампын саналуудыг хүлээн авах болов уу.  
    
Харин барууны тоймчдын дүгнэлтүүдийг ерөнхийд нь сийрүүлбэл, Умард Солонгос улс нэгэнт бүрэн хэмжээний цөмийн зэвсэгтэй болчихсон учраас одоо түүнийгээ улам боловсронгуй болгохын тулд газар дор турших шаардлагагүй болсон байж магадгүй аж. Жишээ нь, 1998 онд Энэтхэг, Пакистан хоёр 6 удаа цөмийн зэвсгийн туршилт хийснээр цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн эгнээнд багтсан ба түүнээс хойш дахин ганц ч удаа туршилт хийгээгүй билээ.



Кимийн мэдэгдэлд “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах” талаар ганц ч үг алга байгааг барууны ажиглагчид анзаарсан байна. Кимийн мэдэгдлийн өнгө аяс нь цөмийн зэвсгээсээ ангижрахыг хүсэхгүй байгаа цөмийн зэвсэгтэй улсын төрх байдлыг харуулж байна хэмээн цөмийн зэвсгийг устгах асуудлаар мэргэшсэн Америкийн судлаач Анкит Панда дүгнэжээ. Түүнээс гадна, баллистик пуужин туршихаа зогсооно хэмээн Пхеньян 1999 онд зарлан мэдэгдэж байсан боловч 2006 онд туршилтаа сэргээсэн гэдгийг тэрбээр санууллаа.

Сүүлийн хэд хоногт Ким Жөн Ун нутгаасаа анх удаа гарч Бээжинд айлчилсан нь тэрбээр улс орноо итгэлтэйгээр захирч, ар талд нь санаа зовох зүйл үгүй гэдгийг харуулсан явдал юм. Үүний сацуу цөмийн болон пуужингийн туршилт хийхээ зогсоох тухай зарлан мэдэгдсэн нь улс орноо хамгаалах “цөмийн бамбай”-г нэгэнт бий болгож чадсан гэж үзэж өөртөө итгэлтэй байгаагийн илрэл гэж А.Панда дүгнэсэн байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ