Дэлхийн дархлаажуулалтын өдрүүд үргэлжилж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2018-04-24 17:26:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн дархлаажуулалтын өдрийг “Вакциндаа хамрагдъя, хамтдаа сэргийлье!” уриан дор энэ сарын 23-30-нд зохион байгуулж байна.

ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий дахинд жил бүр вакцинжуулалтад хамрагдаагүй 1.5 сая хүүхэд халдварт өвчний улмаас нас бардаг байна. Дархлаажуулалтын хамралт улс орон бүрт харилцан адилгүй байгаа учраас вакцины хамралт бага улс орны хүн амын дунд вакцинаар урьдчилан сэргийлж болох халдварт өвчнүүд тухайлбал улаанбурхан, улаанууд, татран, хөхүүл ханиад зэрэг халдварт өвчний дэгдэлт бүртгэгдсээр байна. 
Манай улс дархлаажуулалтын хөтөлбөрт багтдаг вакциныг товлолын дагуу өндөр хамралттай, нэмэлт вакциныг нотолгоонд тулгуурлан оновчтой үр дүнтэй зохион байгуулснаар цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчинг устгаж, сахуу, хөхүүл ханиад бараг бүртгэгдэхээ больж, В хепатит, улаанбурхан өвчний тархалтыг хяналтдаа авсан амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг ханган ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 494 дүгээр тушаалаар Дэлхийн эрүүл мэндийн нийт 15 тэмдэглэлт өдрийн нэг болох “Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар заасан. 
Монгол Улс 1993 оны 10 сараас эхлэн өнөөдрийг хүртэл 48 удаагийн дархлаажуулалтын 10 хоногийг тухайн цаг үеийн онцлогт тохирсон уриатай зохион байгуулж ирсэн. Тус өдрүүдээр нэмэлт, нөхөн дархлаажуулалтыг компанчлан зохион байгуулснаар хамралт нэмэгдэж, хүн амын дунд ач холбогдлыг таниулснаар олон нийтийн оролцоо дээшилсэн.
2018 онд дэлхий даяар вакцин үр дүнтэй, дархлаажуулалтын хамралт өндөр байх тусам урьдчилан сэргийлэлт өндөр байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. 
Монгол Улсад “Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын чиглэлээр ДЭМБ-ын Бүсээс дэвшүүлсэн зорилтуудыг хангах, эрүүл мэндийн шийдвэр гаргагчид, бодлого төлөвлөгчид, эрүүл мэндийн ажилтнууд, хувь хүмүүст дархлаажуулалтын зөвлөмж, мэдээллийг түгээх, вакцины ач холбогдлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм. 
Монгол Улс 2018 онд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд дархлаажуулалтын цахим бүртгэлийг Хан-Уул дүүрэг, Ховд аймагт туршилтаар нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна. 
Тэмдэглэлт өдрийн хүрээнд үндэсний түвшинд хүн амд эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, эрүүл дадал, зан үйлийг хэвшүүлэх, дархлаажуулалтын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгаа явуулах эрүүл мэндийн байгууллагуудын туршлага, ур чадварыг бэхжүүлэх, шийдвэр гаргагчдад ухуулга, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ