О.Бямбадэлгэр:Нефтийн химийн туслах бүтээгдэхүүн хуурамч шатахуун гаргах түүхий эд болдог

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-04-24 17:46:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос  татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун найруулж, нэрдэг компаниуд олширч, ашиг орлоготой бизнес болчихоод байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ. Монгол Улсад дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг байна.
Харин керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг оруулж ирдэг бөгөөд эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд болдог тухай Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр тайлбарлахдаа "Нефтийн туслах бүтээгдэхүүн нэрийн дор орж ирж байгаа химийн бодисууд керосин, нафта хоёрыг хольж дизель түлш болон бензин гаргаж байна. Ингэснээр улсын хэмжээнд байгаа 800 гаруй мянган тээврийн хэрэгслийн эздэд шууд нөлөөлж, эд хөрөнгөөрөө хохирч байгаа юм. Мөн хуурамч шатахуун үйлдвэрлэх нэг шалтгаан нь гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт болж байна. Энэ нь улсад маш их хохирол учруулдаг. 2016-2017 онд нийт 110 мянган тонн нефтийн химийн туслах бүтээгдэхүүн 60 тэрбум төгрөгийн татвар төлөлгүйгээр орж иржээ. Энэ бол их тоо. Монголын улс төрийн бүлэглэлүүд үндэстэн дамнасан корпорациудтай нийлж ард түмнээ мөлжиж байна. Хоёр хоногийн өмнө Багахангай дүүрэгт байрладаг ШТС-д 286 вагон химийн бодис орж ирлээ. Ер нь өдөртөө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Замын-Үүдийн боомтоор орж ирдэг.  Хэрвээ татвар тэглээгүй байсан бол нэг вагон тутамд  12 сая төгрөгийг төлөвлөх боломжтой. Энэ их мөнгийг улсын төсвийн төсөвт тусгаж чадсан бол өнөөдөр багш эмч нарын цалинг нэмэх боломж байлаа.  “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос дотооддоо нефтийн үйлдвэр барьтал энэ асуудлыг хөндөх болно" гэсэн мэдээлэл өгөв.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ