top banner

Иргэд цахимаар өмчилсөн газрынхаа байршлыг солих боломжтой


2018-04-25 12:53:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн газрын албаны ажлын тайлан, мэдээллийг сонслоо.

Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 160 удаагийн захирамжаар нийт 192 мянга 138 иргэний гэр бүлийн хэрэгцээнд 10.1 мянган га газар өмчлүүлжээ. Үүнээс гэр хорооллын суурьшлын бүсэд 119 мянган 837 иргэн, Нийслэлийн ногоон бүсэд 1001 иргэн зуслангийн зориулалтаар газар өмчилсөн байна. Мөн нийслэлийн гэр хорооллын суурьшлын бүс болон ногоон бүсэд хуульд заасан 0.7 га-гийн хэтрүүлж газар авсан 503 иргэнд газрыг нь Нийслэлийн газрын үнэлгээний журмын дагуу төлбөр авч өмчлүүлжээ. Эдгээр өрхөд нийт 1.3 га газрыг 147.7 сая төгрөгөөр өмчлүүлсэн байна.

Нийслэлийн газрын алба иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон газар зохион байгуулалт хийх зэрэг 46 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн онд иргэн, аж ахуйн нэгжүүдээс газрын харилцаатай 55 мянга 764 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Мөн  Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу орон сууцны орчны хорооллын барилгуудын болон сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газар, тэдгээрийн  орчны 50 метр хүртэлх зайд газар эзэмших, ашиглах эрх олгохыг бүрэн зогсоосон гэдгийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун танилцуулгадаа дурьдав.

Нийслэлийн хэмжээнд цахимаар олгосон газруудын дэд бүтэц хангалтгүй, хотын төвөөс хэт алслагдсан зэрэг маргаан дагуулсан олон асуудал тулгамдаж буйг НИТХ-ын тэргүүлэгчид шүүмжлэв.

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, “Нийт 69 мянган иргэн цахимаар газар өмчилсөн. Энэ асуудлыг иргэдийн эрх ашигт нийцсэн байдлаар шийдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, цахимаар сонгогдсон газраа өмчлөх хүсэлгүй иргэд олон бий. Нийслэлийн газрын албанаас тэдний хүсэлтийг хүлээн авч, өөр байршилд газар өмчлөх эрхийг нь нээлттэй үлдээж байгаа” гэлээ.

Мөн НИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон, “НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтран олон төсөл хэрэгжүүлж байгаа. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн газар чөлөөлөлтийн ажил ямар шатандаа байна вэ” хэмээн тодруулав.

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын талбар 398 өрхийн газрыг хамарч байгаа аж. Үүнээс 148 иргэнтэй зөвшилцөлд хүрсэн бол 250 иргэнтэй хараахан зөвшилцөлд хүрч чадаагүй байгаа юм. Зөвшилцөлд хүрээгүй иргэд газрын үнэ хэтэрхий хямд байна гэсэн шүүмжлэл хэлж байгааг Э.Болорчулуун дарга дурьдлаа. Харин Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын талбайд 416 айлын газрыг хамарч байгаа бөгөөд зөвшилд хүрч чадаагүй 83 өрх байгаа аж.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, “2010 онд баталсан Нийслэлийн газрын үнэлгээний журам учир дутагдалтай байгаа. Тиймээс Газрын албанаас ирэх сарын 15-ны дотор газрын төлбөрийн журмыг шинэчлэх ажлыг НИТХ-д танилцуулах ёстой. Иргэдэд олгосон зарим газруудад дэд бүтэц хэзээ очих, нийтийн тээврийн үйлчилгээг хэрхэн нэвтрүүлэх зэрэг асуудал бүрхэг байгаа. Тиймээс Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба ажлын уялдаа, холбоогоо сайжруулж, энэ бүх асуудлыг нарийн тооцоолох ёстой” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд