top banner

Хулгайлагдсан 70 машины 38-ыг олж, 32-ыг эрэн хайж байна


2018-04-25 16:05:00
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын болон Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаалын дагуу автомашин болон автомашины эд анги хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр илрүүлэх, таслан зогсоох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс автомашин алдагдах, хулгайлах гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг мэдээллээ. Он гарснаас хойш “Чэйзер”, “Марк 2”, “Приус 20” маркийн 70 машин хулгайд алдагджээ. Өнөөдрийн байдлаар 38 нь олдсон бол 32 машиныг эрэн хайж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг ч баривчлан шалгаж эхэлжээ.  Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, 16-17 насны 3 этгээдийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн баривчилжээ. Тэд нийт 12 машин хулгайлсны 5-ыг нь олж эзэнд нь өгчээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд өөрсдийн дур сонирхлоор автомашин хулгайлдаг гэж мэдүүлсэн бөгөөд MP3 тоглуулагч, аккумлятор гэх мэт зарж борлуулж болох эд зүйлсийг нь авч, машиныг энд тэнд хаядаг байна. Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Н.Алтанзул "Гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ түлхүүр тааруулдаг. Тиймээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй түлхүүр олшруулдаг газруудыг нарийвчлан шалгаж, бүртгэлд оруулах шаардлагатай байна" гэв. Урин дулаан цаг ирж буйтай холбоотой иргэд машинаа дулаан гаражаас гаргаж, гудамж талбай, байрны гадаа их тавьдаг болсноос эд зүйлээ хулгайч нарын олз болгох нөхцөл бүрдэж буйг ч анхаарууллаа. Тиймээс нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камертай газар тавьж, өөрсдийн эд хөрөнгөө хамгаалах хэрэгтэйг цагдаагийн байгууллагынхан хэлж байна.  Ийнхүү байнга хулгайн хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих эрүүгийн хуулийн заалттайг сануулав.


Ж.Батсайхан


Сурталчилгаа
Монгол брэнд