top banner

АТГ: Оюутолгойн гэрээг бус ажилласан, хянасан, баталсан албан тушаалтнуудыг шалгаж байна


2018-04-25 18:52:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын сар бүрийн 25-ны өдөр хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдээс мөрдөн шалгах ажиллагаанд буй эрүүгийн хэргийн талаар голчлон асуудаг. Тэдгээр асуултад Авлигатай тэмцэх газраас хуулийн боломжтой хүрээнд прокурорын зөвшөөрөлтэйгөөр зарим асуултад дараах хариултыг өгч байна.

-АТГ сүүлийн үед томоохон, дуулиантай баривчилгаа хийлээ. Экс Ерөнхий сайдуудын хэрэгт ахиц гарч байгаа юу? С.Баяр, Б.Ариунсан нарын биеийн байдал тааруу эмнэлэгт хэвтэж байгаа гэж ХЭҮК-ын дарга ярилцлагадаа дурдсан байна. Тэднийг заавал хорьж шалгах шаардлагатай байсан юм уу? Суллаж, гадуур шалгах бололцоотой юу?

-Хэргийн бодит байдлыг тогтоохоор прокурорын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдан хорьж шалгагдаж байгаа асуудлын хувьд прокурорын байгууллагад саналаа гарган, улмаар  шүүх хурлаар хэлэлцэж шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч батлан даалтад гаргаж гадуур шалгах, үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг тухайн үед нь санал гаргаж шийдвэрлүүлнэ. Саналыг прокурор, шүүхээс шийдвэрлэнэ.
С.Баяр, Б.Ариунсан нарын хувьд  461 дүгээр ангийн эмнэлэгт  байгаа.

-АТГ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зөв бурууг шалгах субъект мөн үү? Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн ил, далд тэмцлээс болж Оюутолгойн гэрээг дүгнэх болсон. Энэ тэмцэлд АТГ татагдан оролцож байна гэсэн мэдээлэл бий. Сүүлийн үед энэ талаар мэдээлэл гараад байгаа. Үүнд тодорхой хариулт өгөөч. АТГ яг ямар үндэслэлээр Оюутолгой болон хөрөнгө оруулалтын бусад гэрээ баримт бичгүүдийг шалгаж байгаа юм бэ? Одоо хоригдон шалгагдаж байгаа хүмүүс энэ гэрээг байгуулж баталсныхаа төлөө хахууль авсан үйлдэл байгаа юм уу? Эсвэл энэ гэрээнүүд нь улсад хохиролтой юм уу?

-Оюутолгойн гэрээг байгуулсан нь зөв, буруу гэдгийг АТГ шалгаагүй ээ. Эдгээр гэрээнүүд дээр ажилласан, хянасан, баталсан эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний үе шатуудад бусдад давуу байдал бий болгосон, Монгол Улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй, орхигдуулсан, татварын болон бусад нөхцлийг хууль бусаар бууруулсан, хахууль авсан эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх зэрэг асуудлыг шалгаж байгаа болно.

-Оюутолгойн гэрээ батлагдах үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нарыг нэмж холбогдуулан шалгах уу?

-Мөрдөн  шалгах ажиллагааны явцад дээрх гэрээнүүдэд тусгагдсан байгаль орчны болон эрчим хүчний чиглэлээрх асуудал нь мөн хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх гэх мэт асуудлыг шалгаж байгаа. Шалгалтаар дээрх нөхцөл тогтоогдвол чиглэл хариуцсан албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж болно. Гэрчийн мэдүүлэг авсан.  

-Одоо хоригдож байгаа Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй гэж хэвлэлээр мэдээлж байна. Энэ үнэн үү?

-Б.Бямбасайханаас байцаалт авсан. Мөн яллагдагч нь өмгөөлөгч Цогтыг байлцуулж мэдүүлэг өгнө гэдэг. Өмгөөлөгч нь гадаад улсаас ирсэн, байцаалт явж байна. 

-Жастын Ш.Батхүү эмнэлэгт байгаа гэсэн атлаа ямар нэг өвчин хуучийн шинж тэмдэггүй, шүүх хуралд оролцохоор ирж байсан. Цагаан захтнууд худлаа өвчилдөг юм биш биз гэсэн хардлага ард түмний дунд байгаа. Үүнд хариулт өгөх боломжтой юу?

-Бидний зүгээс хариулт өгөх боломжгүй. Ер нь бол эмнэлгийн байгууллагын магадлагаагаар л хэн нэгний өвчний байдал тогтоогддог. Цагдан хоригдож байгаа хүмүүсийн биеийн эрүүл мэндийн байдалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавьдаг, шаардлагатай мэдээллийг бид авч хамтран ажилладаг.

-Ш.Батхүү, Төрийн банк, Эдуард Сүрэн нарын хоорондын авлага, өглөгийн асуудлыг танайх шалгаж байгаа талаар өмнөх хурлынхаа үеэр ярьж байсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон уу?

-Жаст ХХК, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэний зээл, хөрөнгө, өр, авлагын асуудлыг нэг бүрчлэн шалгаж байна. Энэ асуудлын хувьд иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан. 

-ННҮГ-ын дарга Ш.Одончимэгт холбогдох хэрэг ямар шатанд байна вэ. Хэдий хэмжээний хохирол улсад учруулсан нь тогтоогдов?

-ННҮГ-ын дарга Ш.Одончимэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө 1,6 тэрбум төгрөг завшсан, хамаарал бүхий компаниуд нь улсад 2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан нь  мөрдөн шалгах ажиллагааны  явцад тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа.

-МХЕГ-ын хэлтсийн хоёр даргын хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн гэсэн. Шүүхэд шилжүүлэх болсон уу?

-МХЕГ-ын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тогтоогдож шалгах ажлын цар хүрээ нэмэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусна.

-БОАЖЯ-ны газрын дарга Д.Даваасамбад холбогдох хэрэг яагаад удаашраад байна вэ?

-Д.Даваасамбад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж байгаа.

-Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуягийг танайхаас яллагдагчаар татаад, хэрэг нь шүүхэд шилжсэнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй боллоо. Бас танайх албан тушаалд томилж болохгүй гэж мэдэгдсэээр атал томилсонд ямар хариуцлага тооцох вэ?

-Энэ хэрэг шүүхэд шилжсэн байсан. П.Ганхуягийн хувьд шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, шүүх шийдвэрлэсэн болно. 

-Дарханы гурил тэжээлийн үйлдвэрт 16 тэрбум төгрөгөөр элеватор аваад гурван жил ашиглаагүй асуудлыг АТГ шалгаж байгаа талаар мэдээлэл байна. Ямар хүмүүсийг холбогдуулан шалгаж байна вэ?

-Энэ асуудлыг шалгаж байгаа.

-ДЦС-4-ийн захирал С.Анхбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөөч. Хан хуур, Хаан хуур компанийн захирал Анхбаяр гэдэг хүний гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байдаг. Тэр нь чухам ямар хэрэгт холбогдсон юм бэ?

-ДЦС-4-ийн захирал С.Анхбаярын гэр, албан тасалгаа болон хамаарал бүхий обьектуудад прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагааг явуулсан. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байгаа. 

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох үйлдлийг ЭЦА-тай хамтран шалгаж байгаа юу. Тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хувийн компанид нь нэгжлэг хийсэн шүү дээ?

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Манайх ямар нэгэн нэгжлэг хийгээгүй.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын холбогдсон Хотгор шанагын уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

-Нийслэлийн прокурорын газраас “Хотгор шанага” ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан борлуулсан асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Одоогоор яллагдагчаар татагдсан хүн байхгүй.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, МонголРосцветметийн Д.Ганболд нарын хэрэг чимээгүй болчихлоо. Ямар шатандаа байна вэ?

-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байгаа.

-Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн "Хурд авто" компани гаалийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй асуудлыг Сэлэнгэ аймгийн Гаалийнхан шалгаж тогтоосон байдаг.

-Татвараас зайлсхийх гэмт хэрэг нь АТГ-ын харьяалан шалгах гэмт хэрэг биш учир цагдаагийн байгууллагаас тодруулах нь зүйтэй.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг мухардалд орсон уу? Шинжээчийн өгсөн ярилцлагыг та бүхэн уншсан байх. Тэр ярилцлагад дурдсан асуудлуудтай санал нийлэх үү?

-Мөрдөн шалгах ажиллагааны хувьд мухардалд орсон зүйл байхгүй. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, УЕПГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байна.

-Фортуна Н.Батбаярын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. АТГ-т энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийж байх үед прокурор хяналт тавьж байхдаа яагаад үндэслэлгүй болохыг хянаагүй юм бэ? Нөгөө талаас АТГ-ын мөрдөгч сэжиг таамгийг хангалттай тогтоож чадахгүй байна гэж үзэж болох уу? 

-УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт холбогдох хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа дуусч Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, улмаар яллагдагчийн хүсэлтээр дээд шатны прокуророос хянаж хүсэлтийн дагуу зохих ажиллагааг хийх даалгавартай буцсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байна.

-“Эрдэнэт”-ийн Б.Мөнхжаргалын өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ цагаатгах нотлох баримт өгсөн. Тэр нь хэрэгт хэр ач холбогдолтой вэ?

-Хэрэгт урьд нь авагдсан нотлох баримтуудыг өмгөөлөгчид гаргаж өгсөн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явж байна.

-Элчин сайд М.Энхсайханд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Элчин сайд М.Энхсайханд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг байхгүй. Харин Тавантолгойн ордын  гэрээний төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд бусдад давуу байдал бий болгож төрийн эрх ашигт нөлөөлсөн үндэслэл байгаа эсэхийг шалгаж байна.

-ХААИС-ийн Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал Т.Батсүхэд холбогдох хэргийг танайх шалгаад бас л удлаа. Яагаад одоо болтол шийдэгдэхгүй байна вэ?

-Шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжилгээний дүгнэлт гаргуулах зэрэг холбогдох байцаан шийтгэх ажиллагаануудыг явуулж байгаа.

-АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, дуусаагүй гэсэн маргаан гараад байх шиг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс танай байгууллагын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж мэдэгдсэн. Үүнийг та бүхэн юу гэж үзэж байгаа вэ? Энэ нь хуулийн үндэслэлтэй юу? АТГ-ын дарга нарыг нөхөн томилогдсон гэж ойлгож болох юм уу?

-Хуулийн заалтын хувьд уг нь маш тодорхой заасан байгаа, 6 жилийн хугацаагаар томилогддог. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар бид хууль тайлбарлах эрх байхгүй. Хууль зүйн ухааны эрдэмтэн судлаач нараас хөндлөнгийн байдлаар тодруулга авсан нь дээр болов уу.

-АТГ-ын дарга, дэд дарга нарыг ард нийтийн санал асуулгаар тодруулна гэж өчигдөр З.Энхболд мэдэгдлээ. Цахимаар санал авч сонгоод томилох хуулийн үндэслэл байгаа юу? Та бүхэн үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Хуулийн үндэслэл байгаа эсэх, санал болгох процедур нь хуульд заасны дагуу явсан эсэхийг томилох эрх бүхий байгууллага болох УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Ерөнхийлөгч зарлиг гаргаж 2018 оны авлигатай тэмцэх жил болгон зарласан. АТГ энэ зарлигтай танилцсан уу? Дэмжиж ажиллах уу?

-Зарлигтай танилцсан, хувь нь АТГ-т ирсэн байгаа. Зарлигт тусгагдсан ажлыг хийх төлөвлөгөө гарган ажиллахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Н.Туяа

Монгол брэнд