Хөшигийн Хөндийн шинэ нисэх буудлыг шалгах нислэг үйлдэж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
gantuya@montsame.mn
2018-04-25 19:27:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн Хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмыг баталгаажуулах шалгалтын нислэгийг өнөөдөр "МИАТ" ТӨХК гүйцэтгэсэн байна. 

Шалгалтын нислэгийг 12:00 – 16:00 цагийн хооронд Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн EA-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгөөр Ч.Нямсайхан даргатай нисэх бүрэлдэхүүн амжилттай хийж гүйцэтгэжээ. Тус нислэгээр уламжлалт навигацид тулгуурласан нарийвчлалтай болон нарийвчлалтай бус ойртолтын журмуудыг /ILS RWY 29, LOC RWY 29, VOR/DME RWY 29, VOR/DME RWY 11 гэх мэт/ шалгасан байна. “МИАТ” ТӨХК тус нисэх буудалд зориулан шинээр зохиосон хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалгаж баталгаажуулан, холбогдох дүгнэлтийг ИНЕГ-т хүргүүлэх юм байна. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард тус нисэх буудалд суурилуулсан агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийг шалгах нислэгийг амжилттай үйлдсэн. Энэ удаад нисэх буудалд нисэн ирэх, нисэн гарах стандарт маршрутуудыг нисэн шалгаж байгаа аж. Нислэгийн журмуудыг ИНЕГ-ын журам зохиогч нар боловсруулсан бөгөөд бататгах нислэгийн энэхүү ажилд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, нисэх буудал, нислэгийн хөдөлгөөний удирдлага, агаарын навигацийн техникийн үйлчилгээ, цаг уурын мэдээ, харуул хамгаалалт зэрэг иргэний нисэхийн бүхий л салбарын мэргэжилтнүүд бэлтгэл ажил, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байгаа юм байна.

Шалгалтын нислэг энэ сарын 29-нд шөнийн нислэгийн шалгалтаар үргэлжилнэ.



Мөн өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй ИНЕГ-ын удирдлагууд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд ажиллаж, Улсын комиссоос барилгын ажлын гүйцэтгэлд илрүүлсэн зарим зөрчил, дутагдлыг арилгах ажлын явцтай танилцжээ. Улсын комисс 1278 зөрчил, дутагдал илрүүлснийг залруулах ажлын гүйцэтгэл энэ сарын 24-ний өдрийн байдлаар 89 хувьтай явагдаж байна. Тодруулбал, 1139 ажил засварлагдаж хаагдсан, 139 ажил гүйцэтгэлийн шатандаа явж байв. Мөн Техникийн комиссоос нэмэлт зээлийн хүрээнд баригдсан барилга байгууламжид хийсэн үзлэг, шалгалтаар 707 зөрчил, дутагдал илрүүлээд байсан. Үүнээс өнөөгийн байдлаар 201 ажлыг сайжруулж хаасан байна.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байгаа юм.

Мөн түүнчлэн Шинэ нисэх буудлын барилгын ажлын гүйцэтгэлд зөвлөхөөр ажилласан 'Японы Азуса Сэккэй' / Ориентал Консалтантс Глобал/ түншлэл компанитай “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулан гарын үсэг зурах ёслол шинэ нисэх буудалд болов. Тус компани Монголын талаас барьж буй Захиргааны барилга, агаарын хөлөгийн ангарын барилгын ажил зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах юм. Гэрээнд Зөвлөх компанийг төлөөлж төслийн менежер ноён Кимихиро Маэта, Монголын талаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гарын үсэг зуржээ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ