top banner

Сурагч охиныг хүчээр үнссэн Японы алдартай хамтлагийн гишүүн уучлалт гуйв


2018-04-27 12:05:50
Зураг
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Дунд сургуулийн насны нэгэн охиныг хүчээр үнссэн Японы “Tokio” хэмээх алдартай поп хамтлагийн гишүүн уулчлалт гуйсан тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Тус хамтлагийн 46 настай гишүүн Тацүяа Ямагүчи энэ оны хоёрдугаар сард охиныг гэртээ дуудаж авчраад, хүч хэрэглэн үнссэн байна. Охин яг хэдэн настай гэдэг нь тодорхойгүй байна.

Т.Ямагүчи өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Уучлалт гуйх ч багадахаар хэрэг хийсэндээ маш их харамсаж байна” гэж нулимс дуслуулан хэлжээ. Токио хотын цагдаа нар түүнийг “бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан” гэж үзэж, өнгөрсөн долоо хоногт холбогдох баримт бичгүүдийг прокурорт шилжүүлсэн гэнэ.
 
Энэ хэрэгтэй холбоотойгоор Т.Ямагүчи хамтлагийнхаа бүх ажлыг хойш тавьж, янз бүрийн арга хэмжээнд оролцох төлөвлөгөөнүүдээ цуцалсан байна. Дуучин залуу охиныг хүчээр үнсэхдээ согтуу байжээ.

Тэрбээр хэлэхдээ “Хэдэн долоо хоногийн өмнө цагдаагийн газраас намайг дуудах хүртэл би өөрийгөө ийм үйлдэл гаргасан гэдгээ мэдэх ч үгүй явж байсан” гэсэн байна.

Түүнтэй холбоотой дуулиан хамтлагт нь “хүчтэй цохилт” болж байна.

Японы Фүкүшима муж энэ хамтлагийг онцолсон зурагт хуудаснуудаа хуулж эхэлсэн байна. 2011 онд цунамигийн улмаас “Фүкүшима Дайичи” АЦС-ын үйл ажиллагаа доголдсоны дараа буюу 2012 оноос хойш Фүкүшима муж орон нутгийнхаа аюулгүй байдлыг сурталчлахдаа “Tokio”  хамтлагийн зургууд болон уран бүтээлийг ашигласаар иржээ.

Таван гишүүнтэй “Tokio” хамтлаг нь 2020 оны Токиогийн зуны олимп болон паралимпийг сурталчлахад  “сайн санааны элч”-ээр мөн ажиллаж байгаа юм.

Токио хотын захирагч Юрико Койкэ өчигдөр сэтгүүлчдэд хэдэхдээ “Энэ хамтлагийн дуунуудыг сонссдог хүний хувьд маш олон шүтэн бишрэгчтэй Т.Ямагүчи ийм хэрэг хийсэнд үнэхээр сэтгэл гонсойж байна.  Хамтлагийн бусад дөрвөн гишүүн “Токио-2020”-ийн сайн санааны элчээр цаашид ажиллах болно” гэжээ.
 
Г.Доржханд


Монгол брэнд