top banner

Цээл сум энэ жил 21 мянган га-д улаанбуудай тариална


2018-04-30 20:58:00
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн харьяа зургаан албанаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  энэ сарын 27-нд Цээл суманд зохион байгуулж, сумын төвийн иргэд болон төрийн албан хаагчдад хүрч ажиллав.

Цээл сумын иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойроос чанартай, хүртээмжтэй хүргэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн харьяа Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Орон нутгийн өмчийн газар, Авто тээврийн үйлчилгээний төв зэрэг зургаан алба хамтран оролцов.

Тус сум газар тариалангаар Монгол Улсын стратегийн гол бүс нутагт тооцогддог учир тариалан эрхлэгчдэд зориулан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үр, мод ,бут, сөөгний суулгацын үзэсгэлэн худалдааг энэ үеэр зохион байгуулсан бөгөөд тариалан эрхлэгчдэд зориулан үр, суулгацыг хямдралтай үнээр борлуулжээ. Энэ жил тус нийт тариалангийн талбайн 90 хувь буюу 21 мянган га-д улаанбуудайн тариалалтыг хийхээр төлөвлөжээ.

Энэ үеэр сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж эко тохилог хашаа төслийг танилцуулахаас гадна тус суманд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад аттестатчилал хийх, тохирлын гэрчилгээ олгох, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах, сунгах, олгох, жин хэмжүүрийн баталгаажуулалтыг хөнгөлөлттэй үнээр хийж үйлчлэв. Мөн малчид болон мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад зориулан мал, амьтны эм, эмийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Түүнчлэн авто тээврийн нэгдүгээр ээлжийн улсын үзлэг Цээл сумын төвийн багт гурван өдрийн турш явагдаж нийт 370 гаруй автомашин үзлэгт хамрагджээ.
 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд