top banner

Япончуудын бүтээсэн зөөгч пуужинг Гиннесийн номонд бүртгэжээ


2018-05-01 11:48:41
Зураг
ТОКИО. /ТАСС/. Японы SS-520 гэдэг зөөгч пуужинг “дэлхий дээрх хамгийн овор багатай зөөгч пуужин” хэмээн тодорхойлж, Гиннесийн номонд бүртгэн авчээ. Уг пуужин энэ оны 2 дугаар сард харилцаа холбооны бичил хиймэл дагуулыг тойрог замд гаргасан юм.

Энэ талаар Японы Агаар мандал, сансрын судалгааны агентлагийн /JAXA/ төлөөлөгч Хирото Кабу ярихдаа “Японы шинжлэх ухаан, технологийн өндөр түвшин болон судалгааны ажлын туршлагыг ашиглан үүнийг хийж чадлаа” гэв.

Гиннесийн номонд бичигдсэн зөөгч пуужингийн урт 9,54 м, голч нь 52 см, жин нь 2,6 тонн ажээ. Өнгөрсөн оны 1 дүгээр сард уг пуужинг хөөргөсөн боловч цахилгааны кабелийн хамгаалалт дутуу хийгдсэнээс үүдэн хөөргөлт амжилтгүй болсон байна. Харин энэ оны 2 дугаар сарын 3-нд ердөө 3-хан кг жинтэй TRICOM-1R гэдэг харилцаа холбооны хиймэл дагуулыг тойрог замд оруулсан юм.

Ердийн аккумулятор болон бусад эд ангийг ашиглан SS-520 пуужинг зохион бүтээх, хөөргөх зардлыг маш ихээр багасгаж чадсан байна. Нийт зардал нь 400 сая иенээс /3,6 сая доллар/ хэтрээгүй аж.
Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд