top banner

Ш.Мөнхсайхан:Дотоод, гадаадын бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжоо тодорхойлно


2018-05-01 13:05:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг “Junior Chamber International” (JCI) байгууллагаас анх удаагаа Монгол Улсад “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ олон улсын бизнес үзэсгэлэн зохион байгуулах болжээ. Уг арга хэмжээний талаар “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’-ын зохион байгуулах хорооны Ерөнхий захирал Ш.Мөнхсайханаас тодруулав.

-“JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ бизнес үзэсгэлэнг анх удаа зохион байгуулах санаачилгыг “JCI Монгол байгууллага гаргасан. Энэ талаар тодруулбал?

-“JCI Монгол” байгууллагын “JCI Их хүрээ” салбар нь 2016, 2017 онд Монголын бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх, хамтран ажиллах боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “JCI BUSINESS FAIR” арга хэмжээг дотооддоо зохион байгуулсан. Мөн 2017 онд “JCI ASPAC 2017” буюу Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. 2017 онд болсон Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтад 20 гаруй орны 4000 орчим залуус оролцож, Монгол Улсын түүх, уламжлал, соёл, Улаанбаатар хотын хөгжил дэвшилтэй танилцсан. Уг арга хэмжээ “JCI” олон улсын байгууллагын гишүүн орнуудаас өндөр үнэлгээ авсан юм. Энэ туршлагадаа тулгуурлан “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ олон улсын үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгуулах санаачилга гаргасан. 2017 онд түүх, соёлоо танилцуулсан тул энэ жил Монгол Улсын бизнесийн орчин, олон улсын компаниудтай хамтран ажиллах боломж, нөхцлийн талаар танилцуулах зорилт тавьсан юм.

-Арга хэмжээнд хэдэн орны бизнес эрхлэгч оролцох вэ?

-Ирэх сарын 02-04-нд “Хүннү молл”-д болох үзэсгэлэнд Монгол, Япон, Солонгос, Тайвань, Хонг Конг, Герман, ОХУ, Италийн 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Аялал жуулчлал, хууль эрх зүй, санхүү, барилга, уул уурхай, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын 60, бусад орны 40 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлээд байна. Мөн дотоод, гадаадын 5000 гаруй төлөөлөгч оролцоно гэсэн урьдчилсан тооцоолол бий.

-Үзэсгэлэнгийн үеэр болох бусад арга хэмжээний талаар?

-“JCI” олон улсын байгууллага үйл ажиллагаа явуулж эхлээд 102 жил болж байна. Энэ хугацаанд тогтмол олон улсын арга хэмжээ зохион байгуулж ирсэн өндөр шалгууртай байгууллага. Тиймээс зөвхөн бүтээгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь хангалтгүй тул арга хэмжээний үеэр бизнес форум, сургалт явуулахаар төлөвлөсөн. Бизнес форумд Монголын болон оролцогч орнуудын “JCI” байгууллагын Үндэсний ерөнхийлөгч оролцож, өөрийн улсынхаа бизнесийн орчин, татварын бодлого зэргийг танилцуулах юм. Аливаа бизнес эрхлэгчид гадны зах зээлд үйл ажиллагаа явуулахдаа харилцаа холбоо багатай, мэдээлэл дутмаг зэргээс үүдэн цаг хугацаа алдах, эдийн засгийн алдагдал хүлээх зэрэг эрсдэлтэй нүүр тулдаг. Тиймээс форумын үеэр бизнес эрхлэгчид Монголоос гадна бусад долоон орны бизнесийн орчны талаа үнэн зөв, бодит мэдээлэл авах боломж бүрдэнэ. Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр бизнес эрхлэгчдийн нүүр тулсан уулзалт зохион байгуулна. Энэ үеэр бизнес эрхлэгчид Үндэсний ерөнхийлөгч нараас авсан мэдээлэлдээ тулгуурлан өөрийн сонирхсон улс, орныхоо аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах боломж, нөхцлийн талаар дэлгэрэнгүй ярилцах боломжтой юм.
Харин гурав дахь өдөр үзэсгэлэнд оролцогчдыг “Говь”, “АПУ” компанийн үйл ажиллагаатай танилцуулахаас гадна “Мишээл Экспо” төвд болж буй “Barilga Expo 2018” болон бусад үзэсгэлэн худалдааг сонирхуулах юм. Ингэснээр гадны бизнес эрхлэгчид Монголын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй биечлэн танилцаж, хамтран ажиллах өргөн боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа. Мөн өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3000 хүүхдэд зориулсан Цэцгийн баяр зохион байгуулна. “JCI” бол нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгохын төлөө нэгдсэн залуусын байгууллага. Тиймээс энэхүү Цэцгийн баяр хүүхдүүдэд эко боловсрол олгох, байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Мөн үеэр Япон, Тайвань зэрэг орнуудын соёлын өдөрлөг болно. Түүнчлэн “JCI Монгол”-ын дэргэдэх Сургалтын академи тодорхой хэмжээний төлбөртэй бизнесийн сургалт зохион байгуулах юм. Энэ бүхний үр дүнд найман орны бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

-Үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулах уу?

-Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр оролцогч орнуудаас нэгийг нь сонгож, дараагийн арга хэмжээг зохион байгуулах эрх олгохоор төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, цаашид жил бүр өөр өөр улсад зохион байгуулах зорилго тавьж байгаа юм. Хэрэв энэ зорилгоо биелүүлж чадвал бид Монголоор овоглосон олон улсын томоохон төслийг бий болгож чадна.

Мөн үеэр "JCI" байгууллагын үйл ажиллагааны талаар “JCI Монгол”-ын 2018 оны Үндэсний ерөнхийлөгч М.Батбаяраас тодруулав.



-“
JCI” олон улсын байгууллагын үйл ажиллагаа, зорилго чиглэлийн талаар мэдээлэл өгнө үү?

-Нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох үндсэн зорилготой “JCI” олон улсын байгууллага 1915 онд АНУ-д байгуулагдсан. Одоогоор 110 гаруй оронд 500 гаруй салбартай, 200 мянга гаруй үндсэн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ байгууллага өөрийн улс орондоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй залуусыг нийгэмд шинэ хандлага, хөгжлийн гарц шийдлийг тодорхойлогч болгон хөгжүүлэх зорилготой.

-“JCI Монгол” байгууллага хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай байгууллага 1992 онд анх байгуулагдсан. Одоогоор Монголд 15 салбар, 1000 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. 

-Өнгөрсөн хугацаанд Монголын залуучуудыг хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох чиглэлээр өрнүүлсэн онцлох ажлуудаасаа дурьдвал?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 1.6 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Одоо манай байгууллагын 14 салбар нийт 33, Үндсэний байгууллага дөрвөн төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 2013 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 0.5 га газрыг тохижуулах “JCI Garden” төсөл хэрэгжүүлж байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дутуу төрсөн нярайн эндэгдлийг бууруулах “Save Life” урт хугацааны төслийг 2015 оноос эхлүүлсэн. Түүнчлэн оуютнуудад сургалтын тэтгэлэг олгох  “Ирээдүй” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд оюутнуудад нэг, хоёрдугаар дамжаанд нь сургалтын тэтгэлэг олгодог. Харин гурав, дөрөвдүгээр дамжаанд нь “JCI Монгол” байгууллагын гишүүн компаниудад цалинтай дадлага хийлгэх замаар сургалтын төлбөрийг нь төлдөг юм. Энэ төсөлд амьдралын боломж тааруу гэхээс илүү ирээдүйд өөртөө тодорхой зорилго тавьсан, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй залуусыг түлхүү хамруулдаг. Мөн саяхан ЦЕГ-тай хамтран Монгол Улсад гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах чиглэлд хамтран ажиллаж эхэлсэн.

-“JCI Монгол” байгууллагад гишүүнээр элссэн залууст ямар боломж нээгдэх вэ?

-Манай байгууллага гишүүддээ 4 боломж олгодог. Нэгдүгээрт, хувь хүнийг хөгжүүлэх зорилгоор бизнесийн болоод бусад сургалтад хамруулдаг. Хоёрдугаарт, нийгэмд хэрэгцээтэй сайн үйл хийх, эерэг өөрчлөлтийг бий болгох боломжийг олгодог. “JCI” олон улсын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг 10 орчим томоохон арга хэмжээнд манай гишүүд идэвхтэй оролцдог. Өөрөөр хэлбэл, гурав дахь том боломж бол гишүүддээ гадаад харилцаагаа хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгөх юм. Манай байгууллагын гишүүдийн 70 гаруй хувь нь бизнес эрхлэгч залуус байдаг. Тиймээс бизнес эхлэгчдийн хамтын ажиллагаа хөгжүүлэх нь бидний олгож буй 4 дэх боломж.  “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ үзэсгэлэн ч эдгээр боломжийн нэг хэсэг юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд