top banner

Үндэсний урлаг


2018-05-01 20:02:28
Зураг
“Дэлхийн кино урлаг сэдвийн хомсдолд орсон. Тиймдээ ч, нэг бол хүний ой ухаанд багтамгүй хачин жигтэйг ургуулан бодох, нөгөө бол өнгөрсөн түүх рүүгээ явахаас өөр сонголтгүй шахам болж байна. Энэ “гацаа”-г гаргахад Монголын түүх соёл, монголчуудын амьдралын хэв маягийг дагасан сэдвүүд үүнийг баяжуулах боломжтой” хэмээн Францын нэрт найруулагч Жан Жак Ано хэлжээ.

Энэ үг зөвхөн кино бус үндэсний урлаг, Монголчуудын сэтгэлгээний цар хүрээ, шашин шүтлэг, нүүдлийн аж ахуйн сэдэвтэй нягт холбогддог бүхий л урлагийн төрөлд хамаарна. XIX болон XX дугаар зуунд соёл иргэншлийн зааг гэх ойлголт урлагт маш хүчтэй нөлөөлсөн. Өдгөө харин Монголчууд суурьшмал амьдралд шилжсэн ч нүүдэлчин ахуйн уламжиллаа хадгалсаар байгаа бөгөөд иргэншлийн зааг дээр оршин буй цөөн улсын нэг. Барууны соёл ихээр нэвтэрсэн ч өөрсдөө дорнын урлагийн соёлтой хэмээн нэрлэдэг. Мэдээж энэ цаг үед л үндэсний урлаг улам хүчирхэгжих нь гарцаагүй билээ.

2012 онд МУУГЗ Г.Цоггэрэл “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга”-ынхаа нэрийг өөрчилж “Үндэсний урлагийн их театр” болгон өөрчлөх бодолтой буйгаа дурдаж байсан. Харин 2016 оны 11 дүгээр сарын 2-ны Монгол улсын засгийн газрын 129-р тогтоолоор “Монгол Улсын үндэсний урлагийн их театр” болсон билээ. Энэ үеэс тус театрын дахин нэг шинэ түүхэн хуудас эргэж эхэлсэн юм.

Театрын үе үеийн хамт олон түүхийнхээ бүхий л хугацаанд бүтээл туурвил, билэг авьяасаараа түмэн олныхоо бишрэл хүндэтгэлийг хүлээн, төр засгаараа гавъяа зүтгэлээ үнэлүүлсэн олон арван алдартныг төрүүлэн, үүсч хөгжсөн цагаасаа өнөө үеийг хүртэл улс орныхоо соёл, урлагийн нэгэн том төв болсоор байгааг уншигчид сайн мэднэ. Монгол орныхоо урлагийн үнэ цэнэ, үндэстнээ дэлхийд сурталчлан таниулах хариуцлагатай үүргийг тэд биелүүлсээр байна.



Монгол угсаатан, ястны утга соёлын өвийн сор дээжсийг сурталчлах, судлах, сургах хийгээд үйлчлүүлэгч, харилцагч түншүүдийнхээ эрэлт шаардлагад нийцсэн орчин цагийн болон дэлхийн сонгомол бүтээлийг урлах чадавхи бүхий өндөр боловсролтой хамт олны бүрдлийг нэгтгэсэн мэргэжлийн урлагийн төв байх нь тэдний өдөр бүр өмнөө тавьдаг зорилго нь билээ.

ҮНДЭСТНИЙ ХӨГЖИМ ДЭЛХИЙД

“WOMEX”, “WOMAD” зэрэг хөгжмийн томоохон наадамд Монголын туургатны хөгжмийн соёлыг сурталчилж МУ-ын "Эгшиглэн", "Бөртэ", Тува улсын "Хуун Хуур Ту" хамтлагууд, панкрок "Ятга" хамтлаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны панк рок- Хангай, метал рок Есөн эрдэнэ, гранж рок “Tulegur gangzi” зэрэг уран бүтээлчид оролцсноороо аялан тоглолтоо тогтмол хийж олон улсад нэрд гарч буйг уншигчид мэднэ. Шалтгаан нь томоохон наадмуудад оролцож Европын орнуудад байгаа хөгжмийн агентлагт, бичлэгийн лебел, хөгжмийн бизнесийн компаниудтай гэрээ байгуулсанд оршиж байна.

Монголчууд үндэсний хөгжмийн арвин баялаг сан, уламжлалтай ард түмэн гэдгийг уншигчид мэднэ. Энэ дундаас ятга, морин хуур, либэ зэрэг хөгжим дэлхийд хэдийн алдаршиж, танил болсонтой маргах зүйлгүй. Биднийг энэ төрлөөр дэлхийд таниулж байдаг “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчид ч энэ л театрын тайзтай салшгүй холбоотой. Харин тэд “Үндэсний урлагийн их театр”-ын уран бүтээлчид юм.



Өвөр Монголын хамтлаг, дуучид голдуу монгол ардын дууг шинээр найруулан дуулж, монгол хүний хоолойн чадал, ардын дуу дуулах донж маяг, монгол дууны зөөлөн уянгыг улам тодотгон олон улсад танигдаж байгаа юм.  Тиймдээ ч бид нүүдэлчдийн хөгжмийн соёлыг өвөрмөц арга барилаар илэрхийлсэн бүтээлүүдийг дэлхийн тайзан дээр дуулсаар байна.

Жишээ нь уран бүтээлч Н.Сайнхүү, Цахар Тугчийн Урна, болон “Yom & Wang Li”, Tulegur Gangzi, “Хөсөгтөн”, “Домог” зэрэг хамтлагууд нүүдэлчдийн хөгжмийн соёлыг өвөрмөц арга барилаар харуулснаар л олон улсын хөгжмийн компаниудад танигдаж, сонсогчдын зүрх сэтгэлийг татаж чадсан билээ.  

ГУРВАН САЯ ГАРУЙ МОНГОЛЧУУДЫН БИЕЛГЭЭ

Зууны манлай бүжиг дэглээч, АЖ, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн анги “Үндэсний урлагийн их театр”-т бий. Энэ том ай сав дотор МУГЖ А.Даваахүү, Ш.Одонтуяа, МУСТА А.Баярсайхан тэргүүтэй олон бүжигчид бий.

Монголчуудын баяр жаргал, амьдрал тэмцэл, ахуй байдал ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор хосгүй төрөл болох бий, биелгээний уламжлал баруун монголчууд буюу Ойрадын олон ястаны дунд өвлөгдөн өнөөг хүрсэн байдаг. 



Энэхүү Монголчуудын уламжлалт бүжиг “Монгол Улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өв”-ийн зэргэлэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гоос яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн тунхаглагласан билээ.

Биелгээнд монгол хүний ажил үйлс, зан үйл, хэв шинж, амьдралын агуулгыг бийлээч хүний сэтгэлийн хөдлөл, уран намбаар бийлж харуулдаг. Баруун монголын Урианхай, Торгууд, Дүрвэд, Баяд, Захчин, Казах, Хотон, Мянгадын биелгээ нь ахуй байдлын нийтлэг хэв шинжээрээ адил төстэй мэт боловч, хөдөлгөөн тус бүрдээ өөр өөр намба төрх, утгыг хадгалсан, өвөрмөц давтагдашгүй шинжийг агуулдаг.

Судалгаанаас үзэхэд эдүгээ Ойрадын олон ястны биелгээний язгуур шинжээр нь хадгалж үлдсэн билэг авъяастнуудын тоо цөөрөн цөөрсөөр байна. Үүнээс улбаалаад монголын олон ястны уламжлалт бүжиг, бий, биелгээний өөр өөрийн өвөрмөц онцлог, ялгаа зааг бүдгэрч ая, татлагууд мартагдаж  гээгдэхийн босгонд тулж буй тухай судлаачид онцлон ярьдаг.

Харин “Үндэсний урлагийн их театр”-ын уран бүтээлчдийн “Нүүдэл”, “Нарны домог” зэрэг бүжгэн жүжгүүд жуулчдын анхааралд өртөөд зогсохгүй, уламжлалт бий биелгээний өнөөдрийн хөгжлийг тодорхойлж чадсан билээ. “Нүүдэл” бүжгэн жүжиг нь төв азийн цээжин дээр хүн үүссэн цагаас эхлээд өнөө үе хүртэлх нүүдэлчдийн амьдрал дунд бий болсон өв уламжлал, соёл урлагийн дээжисийг хэрхэн уламжлаж ирсэн тухай хийгээд хэрхэн төрийхөө алтан соёмбыг бүтээн, анхны төрт улсаа бий болгосноос аваад дэлхийн талыг эзэлсэн эзэнт гүрэн байгуулсан тухай, цаашилбал агуу их хаад болон их соён гэгээрүүлэгч эрдэмтэн мэргэдийн тухай түүхийн товчоон хэлбэрээр тавьсан бүтээл байдаг. Харин “Нүүдэл” бүжгэн жүжиг нь эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл юм. Энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авъяасаараа дайсанаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар жимэр аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулсан билээ.




Цаашилбал салбар бүрт “жинхэнэ урлаг” гэх тодотгол бий. Хувь уран бүтээлч өөрийн бүтээсэн зүйлээс өөрийгөө л эрж хайсан шинжтэй байдаг. Ийм л бүтээлүүдийг орчин үеийн “жинхэнэ урлаг” гэх тодорхойлолтонд нийцүүлдэг. Харин эртний Грек, Ромын уран бүтээлчид үндэстнээ л төлөөлж байв. Олон зуун жилийн элээсэн алдарт хөшөө баримал, сүм дуганы зургуудаас эртний Грек, Ромын олон овог аймаг, үндэстэн ястнууд л харагддаг. Тийм учраас үндэсний урлагаас монголчууд л харагдах ёстой. 
Тоймч Б.Алтанхуяг
 
 
 
 


Сурталчилгаа
Монгол брэнд