top banner

"Ундраагийн уянга"-ын ундарга тунгалагхан...


2018-05-02 10:44:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дөрвөн сарын өдрүүд улам улам л тунгалагшаад байх шиг санагдсаар дуусчихлаа шүү...Тэнгэр урьдынхаасаа тунгалагшдагийн учир нь цэвэрхэн тунамал цас хэдэнтээ бударч, гэсэглэнгүй ч ядруухан дуншсан газрыг ариусган цэвэрлэх шиг боллоо...цасныхаа хөлийг дагаад шавхайтах хөрсийг угаасан борооны хаялга ч эх орныг минь цэвэршүүлээд өгөх шиг боллоо.
Чийгтсэн газрын элэг дэвтэж, чилгэр өвс, ногоо өндийж, чийр туураа ч зөөллөж мал сүрэг нуруугаа тэнийлгээд авав бололтой. Малчны хотонд нялх төлийн майлаан тод цовоо эгшиглэнтэй, цуурайтай сонсдон, монголын хавар уртаас урт, дэлгэр уужуугаас уужуу болж байна уу гэлтэй.
Ийм л өдөр цагуудаар сэтгэл ч тэнэгэр, цээж ч гээнэгэр, амьсгаа ч тайвуу, алхаа ч айвуу байхаас яах билээ?
Эрхэм номын дүү Д.Энхнасан маань утасдаад нэгэн сургуулийн яруу найргийн дэлбээг задлалцаач хэмээвэй.
Дөрөвдүгээр хорооллын эцэст замын урд руу, өндөр эрэгцэг дээрх сургуулийн томоохон цогцолборт баясгалант хүүхдүүдийн хөөрцөглөөтэй дуу, цангинах хонхны яруухан дохиололтой хавсраад нойрмог сэтгэлийн нозоорлыг төдхөн арчаад хаях шиг боллоо.
Нийслэлийн Баянгол дүүргийн "Эрдмийн ундраа" гэж нийслэл, дүүргийнхээ тэргүүний сургууль өргөмжлөлтэй хамт олны босгоор оруут л бодсоноос илүү эрч хүч тосоод авах шиг болов. Тус сургуулийн ахлах менежер Л.Энхжаргал гэж тулхтай сайхан эр тосч аван монгол ёсоор ааг саагтай цай, хоолоор дайлан угтлаа. Удалгүй "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн Ерөнхий захирал, Монгол Улсын гавьяат багш Г.Хоролсүрэн ч ирж, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын охин, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн их эмч С.Өлзийсайхан, "Хор судлал" төвийн захирал С.Өнөрсайхан, Өнөрсайханы охин Сүүеэгийн зээ Бээжингийн их сургуулийн багш Сайхансанаа нар ширээ тойрцгоолоо. Манай МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, Ууганбаяр нар ч мориллоо. Юу болох гээд байгааг гадарлав уу нөхөд минь. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит "Ундраагийн уянга" яруу найргийн уламжлалт наадам эхлэх гэж байгаа нь энэ. Хуучнаар бол Октябрийн районы 77, 54,78 дугаар сургуулиуд нэгдэж одоогоор "Эрдмийн ундраа" цогцолбор сургууль болон өргөжөөд нэрт найрагч Ш.Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн наадмыг энэ хавар найм дахь удаагийнхаа найргийн дугарааг барих нь ээ.
Эхлээд энэ наадам зөвхөн ганц сургууль дээр болдог байсан бол одоо Баянгол дүүргийнхээ хэмжээнд хийдэг болж. Энэ дүүргийн 17 сургуулиас шигшигдсэн шүлэгч багачуул ярайтал суугаад яралзтал шүлгээ уншаад шүүгч нарын тархин дээр цахиур хагалж эхэллээ. Энэхүү эрч хүчээрээ бол хойтноос нийслэлийн хэмжээнд улмаар улс даяар " уралддаг найргийн даага хөлсөө шавхаж, шандсаа сорих наадам болох шинжтэй. Бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд хорь гучаараа л шүлгээ уралдууллаа. Айхтар чамбай уралдаж байна. Авьяас, хор шараа шавхан уралцлаа. Муу шүлэг олж, шүүсэлж шахах гээд чадал мөхөсдөх янзтай. Сайн бүхнийг нь шүүрдэж түүсээр шандастайг нь авч үлдээд үлдээд шавхруу нь ч амттай шүлгүүдтэй хүүхдүүд туналаа. Уралдаан юм хойно, урд хойноо орох онооны шүүлтээр Бага ангийнхнаас "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн Ц.Мөнгөншагай түрүүлж, 40 дүгээр сургуулийн О.Сайнзаяа, Г.Мөнгөнцэцэг нар хоёр, гуравт орлоо.Дунд ангийнхнаас 13 дугаар сургуулийн Тэмүүлэн түрүүлж, "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн Б.Дөлгөөн, Тэмүүжин нар хоёр, гуравт, Ахлах ангийнхнаас 93 дугаар сургуулийн Маралмаа түрүүлж,40 дүгээр сургуулийн Номин хоёрт, 47 дугаар сургуулийн Нандин-Эрдэнэ гуравт орлоо. Багш нар бас халз уралдав. 40 дүгээр сургуулийн багш Н.Чулуунбаатар түрүүлж, Монгени сургуулийн багш Н.Баасанжаргал удаалж, 43 дүгээр сургуулийн багш Цэдэнсодном гуравт орлоо. Олон сурагч нь байр эзэлж багш нь ч түрүүлсэн 40 дүгээр сургуулийнхан багаараа тэргүүлж шилжин явах цомыг хүртэв. Тэгэхдээ 5 дахь удаагаа түрүүлж байгаа болохоор шилжин явах цомыг жинхлэн олгож үүрд хадгалуулахаар болов. Бөхөөр бол 40 дүгээр сургуулийн яруу найрагчид "Ундраагийн уянга" найргийн наадмын "Дархан аварга" болж байгаам байна. Н.Чулуунбаатар багшийн л зүтгэлийн үр, оюуны охь ундаргын шим гэлтэй. Дашрамд хэлэхэд "Эрдмийн ундраа" сургууль өнгөрсөн хавар 20 жилийнхээ түүхэн ойг тэмдэглэжээ. Эднийхээс 8 гавьяат багш төрөн гарч, нэр цуугаа мандуулж яваа нь эрдмийн ундарга оргилсон хамт олон юм гэдгийг хэлүүлэлтгүй мэдрүүлнэ. Олон хүн мэддэг байж магадгүй, гавьяат багш Я.Цэдэнбал /математикийн/, С.Цэцгээ /түүх нийгмийн/, Ч.Цэвэлмаа /дэд захирал асан/, Д.Гоошоохүү /биеийн тамир, гоо зүйн/, ГЦэцгээ /хөгжмийн боловсролын/, Л.Жагдагсүрэн /захирал асан/, Д.Цэцгээ /ахлах сургуулийн дэд захирал/, Г.Хоролсүрэн /Ерөнхий захирал/ нарыг нэрлэчихье. Яруу найргийн наадмыг бол гарштлаа хийж байгаа Монгол хэлний тэнхмийн багш нар "Ундраагийн уянга"-ын ундаргыг оргилуулж байдгийг бас хэлэлтэй. Уран зохиолын их мөрөн рүү авьяасын цутгалан нэмж яваа "Ундраагийн уянга"-ыг шүүсэн болоод тэр үү, дундрахгүй бялхах ундарга эднийхээс жил бүрийн хавар хаялгаа нэмэн нэмэн дуу шуутай халгин цалгин байх болтугай гэж ерөөгүүштэй. Шаравын Сүрэнжавын бялхсан ундаргаар эрч хүчээ ч улам сэлбэн нэмэн байх нь ч дамжиггүй. Урьд жилүүдэд өөрөө ирж, биечлэн шүүдэг их найрагч Ш.Сүрэнжав энэ хавар жаахан чилээрхээд ирж амжсангүй гэдгийг сургуулийнхан дуулгаад түүнд дурсгалын зүйл бэлдсэнээ охидоор нь дамжуулан илгээнэ билээ. Охид нь ч аавынхаа бэлгийг сургуулийнханд гардуулна лээ. Бэлгээ солилцоод сурчихаж ээ. Шүүгч бидэнд ч Сүрэнжав найрагчийн хишгээс хүртээнэ лээ. Шүлгийн ч хишиг хүртлээ. Шүүгчийн ч хишиг хүртлээ. Сүрэнжав найрагчийн ч хишиг хүртлээ. Сүлдлэг найргийн ч хишиг хүртлээ. Тэр тусмаа хүүхдийн гэгээлэг, хийморлог, баясуунлаг, хөгжүүнлэг хишгээс хүртэх нь ямар сайхан байв аа!
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан



Монгол брэнд