top banner

Эмчийн цалин өснө, ур чадвар яаж нэмэгдэх вэ?


2018-05-02 15:32:43
Зураг
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрны тодохойлолт,  үнэлгээ шинэчлэгдэж авдаг цалин нэмэгдэнэ. Цалин урамшууллын өсөлтийг хангахын тулд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөхүүдийн  зөвлөснөөр  ХНХЯ-ны мэргэжилтнүүд ахлаад ЭМЯ, Эрүүл мэндийн газрын мэрэгжилтнүүд, эмнэлгийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг  төслийг боловсрууллаа  гэж ЭМЯ-ны мэргэжилтэн Х. Өлзий-Орших ярьлаа.

Тус салбарын ажлын байрны тодорхойлолт, үнэлгээ шинэ болсоноор   үндсэн цалин  өсөх нөхцөл бүрднэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, хариуцлага, хөдөлмөрийн нөхцөл гэсэн үзүүлэлтийг түшиглэн  үндсэн цалин, урамшууллын тогтолцоог өөрчилж байгаа гэнэ.  Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,  Эрүүл мэндийн яам хамтран эрүүл мэндийн ажилтны ажлын байрны үнэлгээ хийж, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний ангилал, зэрэглэлийг шинэчлэх ажлыг 2017 оноос эхлүүлж одоо төгсгөлийнхөө шатанд оржээ.

Энэ ажлын хүрээнд ТҮЭМ-2 зэрэглэлээр буюу  501 мянган төгрөгийн үндсэн  цалинтай сувлагч  шинэ үнэлгээ хийснээр зэрэглэл нь таваар дээшлэн  745 мянган төгрөгийн цалинтай болох тооцоо гарчээ. Үндсэн цалин нэмэгдсэн тул ур чадвар, илүү цагийн урамшуулал бүгд нэмэгдэх аж. Эмчийн хувьд ТҮЭМ-5 зэрэглэлээр 608 мянга 874 төгрөгийн цалин авч байсан мэс заслийн эмч шинэ үнэлгээгээр  824 мянга 884 төгрөгийн цалинтай болно. Үндсэн цалин 216 мянгаар нэмэгдсэн тул урамшуулал бас нэмэгдэх юм байна.

Цалингын шинэчлэлийг  2019 оны 1-р сарын 1-ээс мөрдөж эхэлнэ. Эрүүл мэндийн салбарын цалин урамшууллын нэмэгдэлд 62,1 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Түүнийг Засгийн газрын хуралдаанд   оруулж шийдвэрлүүлнэ гэж тус яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дараг Д. Нарантуяа хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас анх удаа эрүүл мэндийн салбарт  ажлын байрны үнэлгээний судалгааг зохион байгуулсан юм билээ. Гэхдээ  дэлхийн улс орнуудад хэрэглэгддэг арга аргачлалын дагуу Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын арга зүйн дэмжлэгтэйгээр хийсэн байна. Ажлын байрны үнэлгээг төв, орон нутгийн 31 байгууллагын 2600 эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтнуудыг зохион байгуулж, хамруулан 50000 орчим өгөгдөлд статистик дүн шинжилгээ хийж, үр дүнг боловсруулжээ.

Ингэхдээ ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл гэсэн үндсэн 4 хүчин зүйл, эдгээрт хамаарах 11 дэд хүчин зүйлийн дагуу үнэлэн эрүүл мэндийн ажилтнуудын ажлын байрны шинэ тодорхойлолт, үнэлгээг гарагж ирсэн байх юм.Судалгааны үр дүнд үндэслэн тус салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн боловсруулснаар ажилтнуудын үндсэн цалин 7-49 хувь нэмэгдэхээр тооцоо гарчээ. Эрүүл мэндийн  салбарт  47 мянга 429   эмч, сувилагч, бусад мэргэжлийн  ажилтан  ажилладаг. Тэдний цалин   өсөх нөхцөл бүрдэж байна . 

Энэ салбарынхан  удаа дараа шаардлага тавьж, ажил хаяж бас чамлахааргүй хугацаанд тэмцлийн янз бүрийн хэлбэрийг  ашигласны үр дүнд   цалингаа өсгөх нь тодорхой болов бололтой. Тэдний тэмцэлийн үр дүн энэ болов уу. Харин  өндөр цалинтай болсон эмч, сувилагчаас иргэд  сайн үйлчилгээ,  өндөр ур чадвар шаардах нь ойлгомжтой. Гэхдээ эмнэлгийн үйлчилгээ доогуур, хүрэлцээ муу байх явдлыг тэд өнгөрсөн хугацаанд  бага цалинтай холбон тайлбарладаг байсан билээ.  Эмчийн цалин өснө, эмнэлгийн үйлчилгээ,  мэрэгжилтнүүдийн  ур чадвар яаж дээшлэх вэ?. Энэ асуултад эмч нар  ямар хариу барих нь цаг хугацааны асуудал болон хувирлаа гэж ойлгож болно
                                                                                                                                             Г. Эрдэнэбат


Монгол брэнд