top banner

Арменид өнгөт хувьсгал болж байхад оросууд яагаад тайван байна вэ?


2018-05-03 13:40:41
Зураг
Хуучин ЗХУ задарсны дараа байгуулагдсан Армени улсад сүүлийн хоёр долоо хоногийн турш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал цуглааны талаар Америкийн “The Christian Science Monitor” сонины Москва дахь сурвалжлагч Фред Вир /Fred Weir/-ийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
 
Энэ үйл явдал ердийн нэгэн өнгөт хувьсгалтай төстэй байна. Ардчиллын талынхан ЗХУ задарсны дараа байгуулагдсан энэ улсын нийслэлийн гудамжинд гарч жагсчээ. Тэд Москватай хэлхээ холбоо бүхий эрх баригч дээд зиндааныхны хийж буй улс төрийн башир үйлдлүүдийг тайван замаар эсэргүүцэж, авлигад идэгдсэн, олигархжсан эдийн засгийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийхийг шаардлаа.
 
Арменид өнөөдөр чухамдаа ийм л үйл явдал өрнөж байна. Хоёр долоо хоног гаруйн турш асар олон хүмүүс, ихэвчлэн залуучууд Ереван болон бусад хотод жагсаал хийж, засгийн эрхийг барих хугацаагаа сунгах гэсэн Ерөнхийлөгч Серж Саргсяны оролдлогыг эсэргүүцлээ. ЗХУ задарсны дараах орон зайд болж байсан өмнөх өнгөт хувьсгалууд нь сонгуулийн булхай луйвар болон засгийн эрх мэдлийг буруугаар ашиглаж буйг эсэргүүцэн, яг л ийм байдлаар дэгдэж байсан юм.
 
Харин өмнөх өнгөт хувьсгалуудаас ялгаатай нь гэвэл, барууны орнууд Арменид ард олны бослого хөдөлгөөн гарсныг 10 хоногийн турш буюу Саргсян даваа гарагт огцрох хүртэл анзаарахгүй байлаа. Түүнээс гадна, 2 сая гаруй армян үндэстэн амьдардаг Орос улс өнгөт хувьсгалын аюулаас болгоомжилж байсан хэдий ч гайхалтай нь маш тайван байв.  

Ереваны гудамжинд байдал эгзэгтэй болж, ийм түгшүүрт байдал нь ардчилал болон иргэний нийгэмд маш хүчтэй цохилт болсноор дуусч магадгүй байлаа. Арменийн засгийн газар илүү ардчилсан болж ч магадгүй. Гэвч Оросын хувьд Арменид геополитикийн сонирхол маш багатай байдаг. Харин Армени улс худалдаа болон аюулгүй байдлын тал дээр Оросоос маш ихээр хамаардаг ба ийм нөхцөл байдал цаашид өөрчлөгдөхгүй. Бусад улс орон үл тоомсорлосон байдалтай байгаагийн учир шалтгаан нь үүнд л оршино.

“Дотоод бодлогод өргөн хүрээтэй өөрчлөлтүүд гарч магадгүй гэж бид  дүгнэж байна. Засгийн эрхэнд цоо шинэ үзэл бодолтой цоо шинэ хүмүүс гарч магадгүй. Энэ хувьсгал нь цэвэр дотоодын шалтгаантай. Гадаад бодлого бол маргаан хэлцэл өрнүүлэх сэдэв огт биш” хэмээн Ереван дахь Кавказын хүрээлэнгийн захирал Александр Искандарян ярьж байна.
 
Орос улс хөндлөнгөөс оролцохгүй

Далайд гарцгүй, жижигхэн Армени улс бол Оросын эртний холбоотон бөгөөд Евразийн эдийн засгийн холбоо болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн улс юм. Тус улс эртний дайснууд нь болох Турк, Азербайжан хоёрын дунд оршдог. Ийм учраас үндэсний аюулгүй байдлын тал дээр Оросоос маш ихээр хамаарна. 

Барууны жишгээр Армени нь маш ядуу улс боловч армянчуудын талаас дээш хувь нь тусгай дунд болон дээд боловсролтой. Олон армянчууд гадаадад гарч, байнгын болон түр ажил эрхэлдэг бөгөөд Орос, Хойд Америк, Европт тэд маш олноороо аж төрдөг. 3 сая хүрэхгүй хүн амтай энэ улсын эдийн засгийн өсөлт жилд 7 орчим хувьтай байна. ДНБ-ний хэмжээ нь маш бага буюу 11 тэрбум доллар бөгөөд Орост ажил эрхэлдэг армянчуудын явуулж буй мөнгөн гуйвуулгаас маш ихээр хамаардаг. 

“Путиний илбэ” маягаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, засгийн эрх мэдлийн ихэнхийг парламентад шилжүүлэх, үүний дараа өөрийн удирддаг эрх баригч Бүгд Найрамдах намаар өөрийгөө ерөнхий сайд болгон томилуулах гэсэн С.Саргсяны үйлдэл, оролдлогын хариуд гудамжны бослого эхэлжээ. Нам нь түүнийг Ерөнхий сайдаар томилсон боловч ердөө 6-хан хоногийн дараа ард олны шахалтаар тэрбээр огцорлоо.

Аяндаа дэгдсэн энэ бослогын бэлгэ тэмдэг нь парламентад ердөө 8-хан суудалтай Никол Пашиняны “Иргэний гэрээ” нам бөгөөд эсэргүүцлийн хөдөлгөөн тус намд хамгийн ихээр ашигтай туссан юм. 5 дугаар сарын 1-ний өдөр парламент хуралдахдаа Ерөнхий сайдаар эрх баригч Бүгд Найрамдах намын бус харин “ард түмний нэр дэвшигч”-ийг томилох нь зүйтэй гэсэн шаардлагыг Н.Пашинян тавьж байгаа юм.  

   
 
Тэрбээр Оростой харилцах харилцаанд гарсан өөрчлөлтүүдийн талаар юу ч ярихгүй байна. “Би Москвагийн албан ёсны төлөөлөгчтэй уулзсан. Орос улс Арменийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн баталгааг надад өгсөн”  хэмээн Пашинян Ереваны төвд болсон цуглаанд оролцогчдод хандан мэдэгджээ.
 
Арменид болж буй үйл явдалд хандах Оросын ийм хандлага нь сүүлийн 15 жилд Гүрж болон Украин, Киргизэд хоёр удаа болсон үйл явдалд хандсанаас нь нэлээд өөр байна. Одоогийн энэ нөхцөл байдалтай холбогдуулан Кремль “түгших ямар ч шалтгаан алга” хэмээн мэдэгдэж байгаа юм. Оросын ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга, гал цогтой эмэгтэй Мария Захарова фейсбүүк хуудсандаа “Орос улс чамтай хамт байгаа шүү, Армени орон” гэж мэдэгджээ.

Харин үнэн хэрэг дээрээ бол, ардчилал тогтоож тоглох, Европын Холбоотой /ЕХ/ сээтэгнэх гэсэн армянчуудын оролдлогыг зогсоох гэсэн ямар нэгэн сонирхол Орост алга. 2017 онд Армени улс ЕХ-той бүх талын, өргөтгөсөн түншлэлийн гэрээ байгуулах үед Арменийн хувьд хамгийн гол худалдааны түнш нь болох Оросын зүгээс эсэргүүцэн татгалзсан байдал гаргаагүй билээ.  
 
Орос улс Арменид хэрэгтэй
 
Шинжээчдийн үзэж байгаагаар, үүнийг нэг л хүчин зүйлээр тайлбарлаж болно. Энэ бол аюулгүй байдалтай холбоотой Арменийн ашиг сонирхол юм. Армени улс илүү ардчилсан улс болсон ч гэсэн энэ байдал өөрчлөгдөхгүй билээ.
 
“Геополитикийн хувьд Армени улс маш хүнд байдалд байгаа, гэхдээ тус улсад сонголт маш цөөхөн байгаад л хэргийн гол учир оршино” гэж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын Хүрээлэнгийн дэд захирал Владимир Жарихин ярьж байна. Тус улс нь бүх дэлхийгээр тархан суурьшиж буй армянчуудтайгаа нягт холбоотой байдаг. Армени улс Орос болон барууны орнуудтай ямагт сайн харилцаатай байсаар ирсэн. Харин тус улс Уулын Карабахаас болж Азербайжан улстай дайны байдалд байгаа, нөгөө талд нь НАТО-гийн гишүүн Турк улс оршдог зэргийг тооцож үзэх аваас Орос улс Арменид маш хэрэгтэй бөгөөд хэн засгийн эрхэнд гарснаас үл хамааран геополитикийн ийм нөхцөл байдал өөрчлөгдөхгүй” гэдгийг В.Жарихин дурдлаа.  
 
Оросын маягийн “залуурдуулсан ардчилал”-ын эсрэг, отог овгийнхны явуулж буй эдийн засгийн шударга бус  бодлогын эсрэг чиглэсэн Арменийн бослого нь Путиний эрин үе дэх хуучин Зөвлөлтийн үеийн бүс нутгийг доргиосон хувьсгалт үйл явдал боллоо. Эрх чөлөөнд тэмүүлж буй Москвагийн хараат энэ улс Барууны тэвэрт багтах гэж яарах нь юу л бол.
 
“Үйл явдлыг ажваас, өнгөт хувьсгалын бүхий л хэв шинжүүд байна. Гэхдээ түүний хөдөлгөгч хүч нь зөвхөн дотоод бодлоготой л холбоотой” гэж “Коммерсант” сонины тоймч Сергей Строкань ярилаа. ЕХ-той Арменийн байгуулсан гэрээ бол бэлгэ тэмдгийн чанартай зүйл, учир нь тус улс нь Оростой хийж буй худалдаа, Оросын зээл болон зэвсгээс бүрэн хамаардаг. Украинд болсонтой адилаар Ереваны гудамжинд үйл явдал өрнөсөн ч гэсэн барууныхны хувьд Арменид санал болгох зүйл юу ч байхгүй юм. Арменид болж буй үйл явдал нь АНУ болон ЕХ-ны төлөвлөгөөнд тусгалаа олно гэдэгт би маш их эргэлзэж байна” гэж “Коммерсант”-ын тоймч хэлэв.  

Орчуулсан Б.Адъяахүү

Эхсурвалж:https://www.csmonitor.com/layout/set/amphtml/World/Europe/2018/0426/Armenia-is-having-a-color-revolution.-So-why-is-Russia-so-calm
https://inosmi.ru/politic/20180427/242097765.html 
 


Монгол брэнд