top banner

Монголын эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал хэр удаан үргэлжлэх бол?


2018-05-03 15:40:14
Зураг
НЬЮ-ЙОРК. /Блүүмберг/. Ашигт малтмалаар баялаг Монголын эдийн засаг Олон улсын валютын сангаас /ОУВС/ санхүүгийн тусламж авснаас хойш нэг жилийн дараа сэргэлээ.

Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн “уналт, өсөлт”-ийн хэлбэлзлээс эдийн засгийнх нь байдал ихээхэн хамааралтай байдаг энэ улсын “эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал хэр удаан үргэлжлэх бол?” гэсэн асуулт хөрөнгө оруулагчдын толгойд эргэлдэж байна. 

Ашигт малтмалын үнэ өсөж, Хятадын нүүрсний эрэлт хэрэгцээ эргэн нэмэгдсэн нь далайд гарцгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлт болоод засгийн газрын орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлж, улмаар Монголыг эдийн засгийн хямралын ирмгээс татаж авлаа. Монголын Засгийн газар зарлагаа танасан нь ч эдийн засаг сэргэж, хэвийн болоход  ихээхэн нөлөөлсөн.

Одоогоос 12 сарын өмнө Монголын засгийн газрын бондын өгөөж 20 орчим хувьтай, засгийн газрын өр нь ДНБ-ий бараг 100 хувьтай тэнцэхээр болоод  байсан юм.  Мөн төгрөгийн ханш нь 20 хувиар унаад байсан билээ.
 
ДНБ-ий өсөлт сэргэсэн нь

ОУВС-гаас санхүүгийн тусламж  авч, төсвийн сахилга батыг сайжруулах бодлого баримталсны дүнд Монголын эдийн засаг 2017 онд 5.1 хувьд  /2016 онд ердөө 1 хувиар өсөж байсан/ хүрч сэргэсэн. 
 
“Монголын макро-эдийн засаг тооцоолж байснаас ч богино хугаанд сэргэж, тогтворжиж байгаа нь үнэхээр сайн хэрэг” гэж ОУВС-гийн Ази-Номхон далайн бүс нутаг хариуцсан газрын дэд захирал Маркус Родлауэр өнгөрсөн сард сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ хэлсэн юм.
 
Гэсэн хэдий ч Хятад болон Орос гэсэн дэлхийн хоёр том гүрний хооронд оршдог Монгол Улсын 11 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй эдийн засаг аюулын бүсээс холдох болоогүй байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
 
Энэ оны гуравдугаар сард Хятад улсын Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх сарынхаас 132 хувиар өссөн байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн сарынхаас 5.6 хувиар доогуур үзүүлэлт юм. Мөн энэ оны эхний гурван сард Хятадын Монголоос импортолсон коксжик нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 26 хувиар буурсан болох нь  гаалийн мэдээллээс харагдаж байгаа юм.

“Монголын экспортоос олох орлого нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн нь экспортын хэмжээнээс илүүтэйгээр дэлхийн эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотой. Монголын эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал хэр удаан үргэлжлэх нь Монголын эрх баригчид ашиг малтмалын үнийн өсөлтийн мөчлөгийн хугацаанд эдийн засгаа хэр зөв жолоодож, ямар арга хэмжээ авахаас шалтгаална” гэж өмнө нь Монголын бондуудад хөрөнгө оруулж байсан “Capitulum Asset Management” сангийн мэргэжилтэн Лутц Рёмейер ярилаа гэж Нью-Йорк хотод төвтэй "Блүүмберг" телевиз мэдээлжээ.

Г.Доржханд

 

 


Монгол брэнд