top banner

Х.Отгонбилэг:Агаар цэвэршүүлэхэд эфирийн тос ялгаруулдаг мод тарих нь чухал


2018-05-07 16:09:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулаан болж иргэд мод тарьж, нийслэл хотын цэцэрлэгжүүлэлт эхэлж буйтай холбогдуулан биологийн ухааны доктор, эрдэмтэн судлаач Х.Отгонбилэгээс зарим зүйлийг  тодруулав.

-Нийслэл хотод ер нь ямар мод, цэцэг таривал зохистой байдаг юм бэ?

-Ер нь манайд шилмүүст мод их тарьж байна. Нарс, хуш, жодоо, улиас улиангар гээд. Сүүлийн жилүүдэд яриад байгаа утаа, агаарын бохирдлыг бууруулахад эдгээр мод зохилтой. Агаар цэвэршүүлэхэд эфирийн тос ялгаруулдаг ургамал мод тарих нь чухал. Дээр дурдсан модноос эфирийн тос ялгардаг.  Улиасаар жишээ авахад түргэн ургаж өсдөг, үнэр их ялгаруулдаг. Нахианы дээд үзүүрт нь наалданхай бохь шиг зүйл байдгийг та нар мэдэх байх. Энэ чинь эфирийн тос ялгарч байгаа нь тэр. Улиас орчныг их чийгшүүлж, дуу чимээ дарж, тоос шороог өөртөө шингээдэг, шилмүүсээр дутахгүй гайхамшигтай ургамал. Гол нь арчилгаа хэрэгтэй байдаг.

-Өөр ямар ургамал зохилтой байдаг вэ?

-Сүүлийн үед сакура гээд их “моод” болж байх шиг байна. Манайд тарьж болно, гэхдээ энд тариад байгаа нь яг Японы сакура биш. Сакуратай төстэй гүйлс, буйлс тарьсан байсан. Гүйлс, буйлсыг манайхан “Монгол сакура” гэдэг. Японы сакура чинь сарнайн овгийн буюу чавганы дэд өвгийн ургамал. Манай гүйлс, буйлс мөн л орзазын овгын ургамлууд юм. Сакуратай их төстэй гэсэн үг. Тиймээс бид Улаанбаатарт яагаад буйлсны цэцэрлэг байгуулж болохгүй гэж, тэр чигт нь цагаан, ягаан цэцгээр хучиж болно шүү дээ, их гоё харагддаг. Ер нь тэгээд улиас, шилмүүс мод гэлтгүй нийслэлд өөр янз бүрийн мод тарих боломж бий. Сөөлжиж хослоод, өнгө ялгаруулаад ургах мод зөндөө. Энэ үүднээс Улаанбаатарыг мөнх ногоон болгоё гэвэл мөнх ногоон навчтай, хүйтэнд тэсвэртэй ургамал тарих хэрэгтэй.

Жишээ нь, арцны төрлийн ургамлууд байна, хуш нарс, жодоо, гацуур мөнх ногоон навчтай говьд ургадаг мөнх харгана гээд ургамал бий. Бээжин хот өвөл зунгүй яагаад ногоон байдаг юм бэ гэвэл өвөлдөө хүйтрээд 20 хэмд л  хүрдэг шүү дээ.

-Улаанбаатар хотын ногоон байгууламж гэж жил бүр олон сая төгрөг зарцууллаа гээд л асуудал үүсээд байдаг. Нэг мөр тарьж ургуулж болдоггүй юм уу?

-Нийслэл хотод сүүлийн жилүүдэд мод их тарьж байгаа. БОАЖЯ-наас эхлээд Хот тохижуулах газар, НЗДТГ, БОАЖ-ын газраас их анхаарч, санаачлагатай ажиллаж байгаа нь сайн. Гэхдээ тэр бүхэн төсвөөс гарч буй татварын мөнгөөр хийж байгаа ажил. Энд иргэд ч өөрсдөө оролцоод хийх учиртай. Олон наст ургамал тарихгүй яасан юм бэ гэсэн яриа гардаг. Олон настыг гэнэтхэн, 1-2 жилдээ дагнаад тарих боломжгүй л дээ. Бусад улсын нийслэл хотуудыг хараад байхад цээнэ гэх мэт олон наст ургамлууд тарьсан харагддаг. Манайд яагаан, цагаан цээнэ гээд гоё сайхан ургамлууд бий, тэрийг нийслэлд тарьж болно. Гагцхүү зэрлэг цээний үрийг идэвхжүүлэхгүй бол жилдээ ургадаггүй юм. Энэ дээр манайхан жаахан залхуураад байдаг тал бий.
Б.Болд
 
 
 
 
 


Сурталчилгаа
Монгол брэнд