top banner

Конго улсад "Эбола" вирус дахин дэгджээ


2018-05-09 14:35:28
Зураг
КИНШАСА. /Би-Би-Си/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад “Эбола” вирусийн халдвар дахин дэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/  мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Конгогийн ЭМЯ-наас өчигдөр гаргасан мэдэгдлээс үзвэл, “Эбола” вирус тус улсын баруун хойд нутагт дэгдсэнээр 17 хүн нас бараад байна.

Одоогоос жил орчмын өмнө тус улсын Бикоро хотод энэ вирус дэгдсэний улмаас дөрвөн хүн нас барж байсан юм.

2014 онд уг вирус нь Баруун Африкийн Гвиней, Сьерра-Леоне улсад дэгдэн 11 мянган гаруй хүний аминд хүрч байсан билээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн Петер Салама ярихдаа “Өнгөрсөн оны “Эбола”-гийн тархалтын голомт Бикоро хотоос дахин халдвар дэгдлээ. Бид вирусийн тархалтыг газар авахуулахгүйн тулд тус улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна” гэжээ.

ДЭМБ вирусийн тархалтыг зогсоохын тулд яаралтай тусламжийн сангаасаа Конго улсад 1 сая ам.доллар гаргаж өгч, 50 гаруй мэргэжилтнээ тус улс руу илгээгээд байна.

Тус улсад “Эбола” вирус ес дэх удаагаа дэгдэж байгаа нь энэ аж. Хамгийн анх 1976 онд тус улсын Эбола гол орчмын газар нутагт энэ вирус дэгдэж байсан учир “Эбола” вирус гэж нэрлэсэн түүхтэй гэнэ. Энэ вирус нь халуун орны зэрлэг амьтдаас, тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахайнаас хүнд, улмаар хүнээс хүнд халдварладаг байна.
Г.Доржханд


Монгол брэнд