top banner

Залуу судлаачид судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулав


2018-05-09 17:19:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд БСШУСЯ, залуу эрдэмтдийн холбоо, ШУА, ШУТИС хамтран магистр, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг 3 дахь жилдээ зохион байгууллаа.
Хурлын ач холбогдол нь магистрант, докторант оюутны судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, залуу судлаачийн судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгон, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчлан таниулах оршиж байгаа юм. 
Хуралд эхний шатанд шалгарсан магистрант, докторант оюутнууд өөрсдийн судалгааны ажлаа англи хэлээр танилцуулж хэлэлцүүлдэг бөгөөд улмаар ШУА, ШУТИС, МУИС зэрэг их сургуулийн эрдэмтэн, судлаачид оюутнуудын бүтээлийг шүүж, шилдэг залуу эрдэмтнийг шалгаруулдаг уламжлалтай.
Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхийн тулд гадаад харилцааг өргөжүүлэх ёстой. Залуу судлаачид гадаад хэлээр өгүүлэл бичиж, хэлэлцүүлэг өрнүүлэх чадвартай болсноор гадаад харилцаа хөгжих үндсэн суурь бүрдэж, улмаар шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа өргөжиж, дэлхийн түвшинд үнэлэгдэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч Д.Баттогтох хэлэхдээ, “Залуу судлаачдын оролцоо шинжлэх ухаан, технологийн салбарт нэмэгдэх хандлагатай байна. Бодлогын түвшний бичиг баримт боловсруулах, судалгааны ажил хийх, өөрсдөө удирдан зохион байгуулах талд шинэ эрин үе гарч ирж байна гэж харж байгаа. Тухайлбал, докторын  зэрэг хамгаалсан залуу судлаачид салбарын яамнаас хэрэгжүүлж буй суурь судалгаа, захиалгат төсөлд ажиллах болж байгаа нь шинэ хандлага юм. Энэ жилийн бүтээлийг хоёр үе шаттай шалгаруулсан. Эхний шатанд оюутнуудын судалгааны бүтээлийг хүлээн авч, дараагийн шатанд тэнцэх шалгуур хангасан 10 бүтээлийг шалгаруулсан” гэв.

Хуралд нийт 10 магистрант, докторант оюутан шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээр өөрсдийн судалгааны ажлаа танилцуулснаас магистрант Б.Тэгшжаргал, докторант О.Мөнхдулам нарын бүтээл шилдгээр шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Сурталчилгаа
Монгол брэнд