top banner

"Номын анд"-уудыг тодруулж шагнал гардууллаа


2018-05-09 22:34:14
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Б.Ахтаны нэрэмжит аймгийн Төв номын сан, "Дэлхийн зөн" Олон Улсын байгууллага хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Номын анд" аяныг өнгөрсөн нэгдүгээр сард зарласан юм. Уг арга хэмжээг өнөөдөр дүгнэж, ялагчдад шагнал гардууллаа.

Аяны эхэнд зохион байгуулагчид урьдчилан сонгосон 10 шүлэг, 10 үлгэрийг унших, уншсан бүтээлийнхээ талаар тэмдэглэл хөтлөх, бяцхан ном, зурагт хуудас, гар урлалын бүтээл хийх, зураг зурах, шүлгүүдийг цээжлэх, ангиараа номын сангаар үйлчлүүлэх зэрэг болзлуудыг сурагчдад тавьсан ажээ. Уг даалгаврыг өнгөрсөн сарын эхэнд бүтээл шалгаруулах комисс тухайн сургууль дээр нь очиж шалган дүгнэсэн байна.
Тав дахь жилдээ явагдсан энэ удаагийн аянд аймгийн төвийн ерөнхий боловсролын таван сургуулийн 7-14 насны 500 орчим сурагч хамрагджээ.

Аяны дүнгээр 7-8, 9-10, 11-12 насны ангилалд Өлгий сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн 2 "Г", 5 "А", 6 "В" ангиуд, 13-14 насны ангилалд "Биле-Тегин" сургуулийн 8 "А" анги тус тус шилдгээр шалгарсан байна.

Шагналт байранд орсон сурагчид болон анги хамт олон хичээлийн хэрэгсэл, номоор шагнууллаа.

Ө.Нурболат



Монгол брэнд