top banner

“Алтан хальс индепендент" кино наадмын шилдгүүд ирэх сард тодорно


2018-05-10 09:56:29
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Алтан хальс" ТББ, Соёл, урлагийн газар хамтран “Алтан хальс индепендент" кино наадмыг 6 дахь жилдээ ирэх сарын 02-08-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 

Энэ удаагийн кино наадамд АНУ-ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Английн Кэмбриджийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмын Азийг хариуцсан хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү нар оролцож киногоо толилуулан, шүүгчээр ажиллах юм.

Кино наадамд  олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулах бөгөөд наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулна. Тус наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг  2 сая төгрөг дагалдах юм. Эл шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгохоос гадна Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино болон Эскперименталь киноны шилдгийг тодруулж тус тус 500 мянган төгрөгөөр шагнах аж.

Тус кино наадамд өнгөрсөн жилүүдэд Алтан бөмбөрцөг болон Берлиний кино наадмын дээд шагналт герман найруулагч Фатих Акин, халимаг найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Эдгээр уран бүтээлчид кино наадмын шүүгчээр ажиллаж, сургалт лекц зохион байгуулсан юм. 
 
Ж.Болор

 


Монгол брэнд