top banner

Б.Жамбалдорж: Хүнсний ногооны тариалалтыг өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдүүлнэ


2018-05-10 11:05:40
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Жамбалдоржтой уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын тариалалт эхэлж байна. Өнгөрсөн онд гантай байснаас ургац алдаж, төлөвлөж байснаас доогуур хэмжээгээр ургац авсан. Энэ жил тариалалтын хэмжээ өмнөх жилүүдээс нэмэгдэх үү?

-Тариаланчид өнгөрсөн жилээс дутахгүй тариалалт хийх зорилт тавиад байгаа. Тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймгийн ИТХ-аас 13 сумын 1,5 сая га газрыг тариалангийн бүс нутагт хамруулах шийдвэр гарч, тухайн шийдвэрийг холбогдох яаманд хүргүүлээд байна. Өнгөрсөн жил 89 га талбайд уринш хийсэн, тухайн талбайдаа энэ жил тариалалт хийнэ. Намрын хөрсний чийгийг ашиглаж дөрөвдүгээр сарын 25-наас тариалалтыг эхлүүллээ. Энэ жил үр тариа 89 мянган га, буудай 78 мянган га, төмс таван мянга 500 га, хүнсний ногоо 1200 га, тэжээлийн ургамал 7500 га талбайд тус тус тариална. Өнөөдрийн байдлаар есөн сумын нийт гурван мянга 543 га талбайд улаанбуудай, төмс 214,5 га, хүнсний ногоо 41,3 га талбайд тус тус тариалаад байна. Тэжээлийн таримлыг бороо хур орсны дараа тариалж эхэлнэ. 

-Өнгөрсөн жил гантай байснаас тариаланчдад эдийн засгийн хохирол учирсан. Үүнийг яаж шийдвэрлэж байна?

-Иргэд, аж ахуй нэгжүүд санхүүгийн асуудалтай байгаагаас өнгөрсөн жилийн цалин хөлсөө тарианланчид гүйцэд авч чадахгүй байдалтай байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил нийт 1072 иргэн, 296 аж ахуй нэгжид 51,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Засгийн газрын шийдвэр гарвал 2017 онд тодорхой хэмжээний зээл авсан тариаланчдад “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас болон нөөцөөс  хөнгөлөлт үзүүлнэ. Саяхан ХХААХҮЯамны сайдын тушаалаар улаанбуудайн үр худалдан авахад 10 хувийн хөнгөлөлт олгож эхэлсэн. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед тариаланчдад их нэмэр болж байна.

-Тариаланчдын зүгээс ямар тусламж, дэмжлэг хүсч байна?

-Улаанбуудайн урамшууллыг энэ жил олон аж ахуй нэгж авч чадаагүй. Улаанбуудай, шатахуун, бордоо зэргийг урьдчилгаа төлбөргүйгээр олгох, урамшууллын тодорхой хэсгийг энэ жилийн будааны үрээс хөнгөлөөд өгөх талаар холбогдох яам судалж байна. Мөн өнгөрсөн оны үрийн нөөц, Онцгой байдлын газар, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас авсан 2017 оны буудайн үр, шатахууны тооцоог хөнгөлж өгөх талаар хүссэн. Уг асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр хүлээгдэж байна. 
 
-Энэ жилийн тухайд ямар онцлогтой, хэдий хэмжээний үр бэлтгэв?

-Өнгөрсөн жил ургац алдчихсан учраас энэ жилийн тариалах үрийн нөөц бага, нийт бэлтгэх үрийн 20 хувь буюу 2500 тонн үр нөөцөлсөн. Дутагдалтай байгаа 12,4 мянган тонн үр авах захиалгыг ХХААХҮЯ-нд хүргүүлж, энэ дагуу яамнаас тодорхой шийдвэр гарч тариалалт хийхэд шаардлагатай нийт үрийн 75 хувийг тариаланчид татаж аваад байна. Мөн ХХААХҮЯам тариаланчдад шилмэл төрлийн үр буюу элит сортын “Алтайская” үрийг  ОХУ-аас авч, олгохоор бэлтгэж байна.

-Үр нөөцлөх талаар хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Энэ жил нийт тариалах талбайн 20 хувийг сонгож үрийн талбай болгохоор зорьж байна. Тухайлбал 1000 га талбайгаас 200 га талбайг сонгож элит сортын үрээр тариалахаас гадна хөрсний боловсруулалт бусад зүйлүүдэд анхаарч, ирэх жилийн тариалалтын үрээ сайтар бэлтгэж авна. Тохиолдлын үр аваад “одоо яах бол?” гэж халширч суухгүйгээр 20 орчим мянган га талбайг үрийн талбай болгож, давхар даатгалд даатгуулна.

-Тэжээлийн ургамал, хүнсний ногооны тариалалтын хувьд...?

-Хүнсний ногооны тариалалтыг хоёр дахин нэмэгдүүлэх талаар аймгийн Засаг даргын захирамж гарсан. Энэ чиглэлээр Борнуурын усжуулалтын 920 га, бусад Баянцогт, Батсүмбэрийн усжуулалтын талбайг сэргээн засаж, ашиглалтыг сайжруулахаар ажиллаж байна. Тариаланчид цулгуй уринш, тариа гэдгийг больж оронд нь нийт тариалангийн талбайн 66 хувийг ашиглах, 50 хувьд сэлгээний ургамал, 16 орчим хувьд ногоон бордиурт уринш эсвэл уураг азотоор баялаг булцуут ургамал, малын тэжээлийн ургамал тариалж, сэлгэлт хийнэ. Улаанбаатарыг арвин сүү, махаар хангах чиглэлээр үр тариа, малын тэжээлийн ургамал, хүнсний ногоочдын зөвлөлгөөнүүдийг эхнээс нь зохион байгуулж байна.  Малын тэжээлийн ургамал их хэмжээгээр  тариалах, тэр дундаа 70 сая малыг мах, сүүний уурагтай царгас зэргээр хангах талаар аж ахуй нэгжүүдэд чиглэл өгч байна.

-Энэ жил хэдий хэмжээний суулгац бэлтгэв?

-Сүүлийн жилүүдэд тариаланчид олон төрлийн ногоон сонгинолог ургамлууд тариалж байгаа бөгөөд энэ жил эдгээрийн нэр төрлийг олшруулна. Нийтдээ олон сая суулгац бэлтгэхээс хоёр сая орчим байцааны суулгац шаардлагатай байна. Үүнийг одооноос хэн, хаана тариалах талаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, хүлэмжийн 16 мянган га талбайд 5,8 сая ширхэг үрсэлгээг иргэд тариалж байна.

-Усалгаатай талбайн засвар, шинэчлэлтийн тухайд...?

-Аймгийн хэмжээнд 14 мянган га талбай усалгаатай тариалан эрхлэх боломжтой. Одоогоор 4000 орчим га талбайг усалгаатай ашиглах боломж байгаа бөгөөд үүнийг цааш нь нэмэгдүүлнэ. Борнуур сумын 920 га талбайд Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Торлогон усалгааны систем”-ийн толгойн барилгыг засварлана. Мөн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Баянголын усалгааны системийн толгойн барилгуудыг засварлах зураг төсвийг хийхээс гадна аж ахуйн аргаар засаж болох юмыг засварлаж ашиглалтад оруулна. Түүнчлэн өнгөрсөн оны өвлөөс иргэд аж ахуй нэгжийн талбайн ойролцоо усжуулалтын худаг гаргаж, зарим хэсэгт цасны хаалт хийж тодорхой хэмжээний цас хуримтлуулах ажлыг  хийж эхэлсэн. Одооноос шар усны ус хуримтлуулах хаалт далангууд хийж байгаа. Ингэснээр тариалангийн талбайд тодорхой хэмжээний ус чийгийг нэмэгдүүлэх юм. Үүнээс гадна цаг агаарын байдлыг харж үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээнүүдийг хоёр удаа авсан. Өнгөрсөн жил 5 сарын 15-аас үүлэнд зориудаар нөлөөлсөн бол энэ жилийн тухайд арай эрт эхлүүлсэн. Тавдугаар сарын прогнозоор олон жилийн дунджийн орчим байх учраас газрын хөрс айхавтар гандаж, хатчихгүй чийгтэй байна.

-Мал төллөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн намар зуншлага тааруу, намарт эрт цас унаж газрын гарц тааруу, өвөлжилт хүндэрч өвөлжлөө. Таван сая мал өвөлжихөөс сая гаруй мал гадны аймгийн нутагт отроор явж өвөлжсөн. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар мал төллөлт 47 хувьтай байна. Мал зүтгэж орсноос болж мал жилбэгүй төллөх, сүү муутай төллөх, малын хаг, хээл бэрхтэх хүндрэлүүд гарч байна. Үүнтэй холбогдуулан 70 гаруй сая төгрөгийн 10 орчим тонн шар будаа, хуурай сүү, загасан тос, биовит, глюкоз зэрэг эм био бэлдмэлүүдийг сумдад хүргүүлээд байна. Нийт хоёр сая орчим мал төллөх ёстойгоос одоогоор сая 10 мянган толгой мал төллөөд байна. Өнгөрсөн жил танаж, ширвэж, заазалж, зах зээлд ихээхэн борлуулсан. Төлөг борлонгуудаа, хөгшин эм хонинуудаа ялгаж хээлтүүлэгт оруулаагүй. Айлууд хуц, ухнаа 50 хувьтай тавьж, хээлтэгч малын тодорхой хувийг авч үлдсэн. Малчин хүний гол орлого төл мал учраас малчид богино хугацаанд шаргуу хөдөлмөрлөж байна.
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд