top banner

Говь-Алтай аймаг дахь ЭМШУИС 960 суудалтай шинэ байртай болно


2018-05-10 17:25:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй Засгийн газрын гишүүд өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж буй. 

Сүүлийн жилүүдэд тус аймагт боловсрол, соёл, урлагийн салбар дахь бүтээн байгуулалт өндөр үзүүлэлттэй байгаагаас онцолвол 2017 онд нийт 5.7 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 2018 онд ЭМШУИС-ийн харьяа Анагаах ухааны коллежийн 960 суудал, спорт заалтай шинэ байр, Есөнбулаг суманд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Тайшир суманд 75 ортой цэцэрлэгийн барилга ирэх хичээлийн жилд ашиглалтад орох төлөвлөгөөтэй барилга угсралтын ажил явагдаж байна. 
Тус аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” театр хоёр жилийн өмнө шинэ байртай болж, нүүснээр их хэмжээгээр элэгдэж, сүйдсэн хуучин дурсгалт барилгыг их засвар хийж, сэргээн Багшийн хөгжлийн ордон, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын байр болгох хүсэлтээ удирдлага, мэргэжилтнүүд салбарын сайдад танилцууллаа. Уг саналыг дэмжихээ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илэрхийлсэн юм.  
БСШУС-ын сайдын тушаалаар 270 сая төгрөгийн их засварын эрх аймгийн Засаг даргад  шилжиж ирсэн. Мөн аймгийн төвд барих номын сан, тус бүр 100 ор бүхий сумдад барих гурван цэцэрлэг зэрэг улсын төсөвт өртгөөр барих бүтээн байгуулалтын ажлын ихэнхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон орон нутагт эрх шилжүүлсэн. Үүнээс тал нь энэ онд, тал нь ирэх онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
2018 онд Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн салбарт 9 тэрбум 633.8 сая төгрөгийн шинэ барилга, их засварын хөрөнгө оруулалт хийх юм. Түүнчлэн аймгийн төвд шинээр ашиглалтад орсон 1000 айлын “Солонго” хороолол сургуультай ч цэцэрлэг төлөвлөгдөж амжаагүйг ирэх 2019 оны төсөвт суулгаж, 120 ортой шинэ цэцэрлэг барьж өгөх асуудлыг газар дээр нь шийдэж өглөө.   


Монгол брэнд