Чингис хаан олон улсын буудалд цагдаагийн өдөрлөг боллоо

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-05-11 15:26:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо.

Энэхүү өдөрлөгт тус нисэх буудалд үйл ажиллагаагаа явуулж буй Цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Хилийн 0218-р анги, Гадаадын иргэн харьяатын газар, МИАТ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн найман байгууллага оролцож, үйл ажиллагааг сурталчилан, иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ажилласан юм. Энэ үеэр Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид алба хаагчдын урам зоригийг сэргээх, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөгөө толилуулсан нь онцлог байлаа. Өдөрлөгийг Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийнхэн төдийгүй Чингис хаан олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын алба хаагчид, иргэдэд зориулж зохион байгуулсан юм. “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгөөр уламжлал ёсоор тус хэлтсийн шилдэг алба хаагч цагдаагийн дэд ахлагч н.Болдыг алдаршуулж, хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэх ахлагч н.Бадрахад хүндэтгэл үзүүлж талархал илэрхийллээ.
Ж.Батсайхан

Холбоотой мэдээ