Эрдэмтэд гамшгаас хамгаалах асуудалд саналаа хэллээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-05-11 15:31:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Жил бүрийн 05 дугаар сарын эхний долоо хоногт  “Хүмүүнлэгийн өдөр”ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.


 
 Энэ жил “Орон нутаг дахь гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаа, талуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд онол, практикийн хурлыг зохион байгуулж байна.

 Хурлын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, МУЗН-ийн Хөтөлбөр хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал нар оролцож үг хэллээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ, “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулах, орон нутагт гамшгаас хамгаалах болон гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг ажиллах, улмаар орон нутаг тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулах гэсэн маш тодорхой эрхзүйн зохицуулалтыг Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиудад тусгаж өгсөн. Түүнчлэн Засгийн газраас 2015 онд баталсан “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн үндсэн хэрэгжүүлэгч нь Онцгой байдлын байгууллага  бөгөөд хамтран хэрэгжүүлэгч нь бүх шатны төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, гамшгаас хамгаалах сайн дурынхан, хоршоо, нөхөрлөл, малчдын бүлэг, иргэд юм. Тиймээс орон нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх арга замаа тодорхойлж,  санал бодлоо солилцон, орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар холбогдох талууд зөвлөмж гаргах юм”  хэмээн онцолсон юм.

Харин МУЗН-ийн Хөтөлбөр хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал,  “Монгол Улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  зохион байгуулж буй “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” сургалтаар 21 аймгийн 320 гаруй сайн дурын идэвхтнийг бэлтгээд байна. Мөн “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийн хүрээнд 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрх тус бүрт 240.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлж, малын эрдэс, тэжээлийг ард иргэдэд хүргэж ажилласныг онцлон” тэмдэглэлээ.

Хуралд ОБЕГ, МУЗН, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллага, орон нутгийн удирдлага, эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгуулалгыг төлөөлөгчид оролцсон нь өмнөхөөс өргөн хүрээг хамарсан ач холбогдолтой болж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ