top banner

Улирлын урамшуулал багшийн гар дээр...


2018-05-11 18:10:36
Зураг
"Багш нарын цалин нэмүүлэх түр хорооо" ТББ-аас зарласан жагсаал нэг хоногийн дараа боллоо. Тэнд багш гэхээсээ илүүтэй улс төрийн үйл ажиллагаа явуулдаг ТББ –уудын төлөөлөл давамгайлж байсан нь ажиглагдсан юм. Жагсаал зохион байгуулагсад сургуулиудын удирдлага багш нарыг дарамталсан учир жагсаалд  тэд  өргөн хүрээнд хамрагдаж чадаагүй гэсэн  тайлбар хийж байх юм.  Энэ тайлбарыг үнэнд нийцэхгүй гэж зарим нь хэлж байв. Жагсаал хийж байгаа байдлаас харахад  цалин нэмүүлэх багш нарын  тэмцлийн эрч суларч байгаа юм уу  гэсэн бодол хэнд ч төрхөөр байсан билээ.

Энэ жагсаалд багш нар  оролцохгүй байх хэд хэдэн шалтгаан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Хаврын төгсөлтийн шалгалт хаянд ирчихсэн  багш нар толгой өөд татах завгүй ажилтай байсан гэж хэл болно. Нөгөө талаар хөдөлмөрийн гурван талт хэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж БСШУСЯ  2018 оны эхний улирлын багш нарын урамшууллыг олгоод эхэлжээ.

Нийслэлийн хувьд Сүхбаатар дүүргийн ерөнхий болбовсорлын дунд сургуулиуд урамшуулал олгочихсон байна. Багшийн улирлын урамшууллыг олгохдоо эхлээд багш нэр өөрсдийгөө үнэлдэг. Сургалтын менежер түүнийг баталгаажуулж, захирал тушаал гаргаж олгодог журамтай аж. Улирлын урамшуулал багш нарт олгох  шинэ журам 2018 оны 1- сарын 1-ээс мөрдөгдөн эхэлжээ. Шинэ журмаар улирлын урамшууллыг үндсэн цалингын 20 хувиар сар бүр тооцож улирал бүр олгох үүрэг төр хүлээжээ.   Багш 550 мянган төгрөгийн цалинтай бол түүнд улирлын урамшуулал 60 хувиар бодоход гар дээр 330 мянган төгрөг очно гэсэн үг.

Сүхбаатар дүүргийн 2-р сургууль 100 багштай гэнэ. Багш нар нь 45- 60 хувийн нэмэгдэл авсан гэж ахлах ангийн сургалтын менежер Чулуун хэллээ. Харин тус дүүргийн 3-р сургуулийн  80 багшийн үнэмлэхүй олонхи нь  60 хувийн урамшуулал авсан байна. Улирлын урамшуулал багш нарт олгохоор улсын төсвөөс 28 сая төгрөгийг тус сургуульд  олгожээ. Багш нарт  өндөр хувийн урамшуулал олгосон тул захиргааны болон үйлчилгээний бусад ажилтнуудад  мөнгө нь хүрээгүй гэнэ. Энэ бол багшийн улирлын урамшууллын эргэн тойрон дахь үйл явдлын өчүүхэн хэсэг нь болов уу. Багшийн болон салбарын ажилтнуудын улирлын урамшууллын эх үүсвэр нь  улсын төсвөөс гадна, аймаг, нийслэл сум, дүүргийн  Засаг даргын нөөц хөрөнгөөс гарах учиртай байжээ. Харин тус сургуульд нийслэл, дүүргийн Засаг дарга нар энэ сарын 9-ний байдлаар нөөц хөрөнгөнөөсөө дэмжлэг үзүүлээгүй байгаа аж. Тэднээс мөнгөн дэмжлэг ирвэл үлдсэн ажилтнууд урамшууллаа авна.

Багш нарт улирал бүр олгох урамшууллын журамд тодорхой шалгуур үзүүлэлт байдаг байна. Тухайлбал журмын 2.2-т төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсорлын сургуулийн багшийн гүйцэтгэх ажлын үүрэгт хамаарах 10 үйл ажиллагааг зааж өгчээ. Дунд сургуулиудын хувьд ажлын ачааллынх нь оргил үе  нөгөө талаар  гурван талт хэлцээрээр тохирсон багшийн бодит орлогыг нэмэх улирлын урамшуулаллыг багш нарт  үндсэн цалингынх нь 60 хувиар олгосон нь “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо" ТББ-ын тэмцлийн эрчийг сулруулав бололтой. 

Засгийн газар энэ оны 10-р сарын 1-ээс төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гээд хэлчихсэн байгаа. Тэр хүрээнд багшийн цалин нэмэгдэнэ. Түүнээс гадна 2019 оноос төсвийн байгууллагын ажилтнуудын цалин нэмэх мэдээлэл цагдаж байна. Цалин хэдэн хувиар яаж нэмэх нь 2019 оны төсөв хэлэлцэн батлах тэр мөчид тодорхой болно. Түүнд багш нар хамрагдана. Ер нь багшийн цалин бодитоор нэмэхэд суурь судалгаа хийж ажлын байрны тодорхойлолт, үнэлгээ, цалинжих зэрэглэлийг шинэчлэх явдал. Ийм  нөхцөл бүрдвэл  багшийн авдаг цалин нэмэгднэ.

Шинэчлэсэн ажлын байрны тодорхойлолт, үнэлгээ, цалинжих зэрэглэлийн судалгаа, тооцоог эрүүл мэндийн салбарт хийсэн байна.  Эмч сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалин 7-49 хувиар нэмэгдэх  урьдчилсан тооцоо гарчээ. Цалингийн шинэ тогтолцоог 2019 оны 1-р сарын 1-ээс эхлэн  мөрдөх  юм байх. Тус салбартай яг адилхан боловсорлын салбар нийгэмд том байр суурь эзэлдэг.  Тиймээс эмч нарын цалин нэмэгдэж байхад багш нарынх  хуучин хэвээрээ үлдэхгүй нь ойлгомжтой.   Энэ бол одоо цаг хугацааны асуудал болов.

Багш нар тэмцэж уриалж, жагсаж, цуглаж байгаад цалингаа нэмүүлэх нь тодорхой боллоо. Цалин нэмсэн тохиолдолд түүнд тохируулан сургалтын чанарыг шинэ түвшинд гаргах үүрэг  багш нарт ногдоно.  Цалингийн төлөө багш нар тэмцэх нэг хэрэг. Харин нэмэгдсэн цалинтай тэнцэж ажиллах шаардлага араас нь урган  гарч ирнэ. Түүнд манай багш нар сэтгэл зүйн  хувьд бэлтгэлтэй байх хэрэгтэй болжээ.
                                                                                                                                                           Г. Эрдэнэбат


Сурталчилгаа
Монгол брэнд