top banner

Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд сарын хугацаа үлдлээ


2018-05-13 22:18:02
Зураг
Москва  /МОНЦАМЭ/.  Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд нэг сарын хугацаа үлдсэн энэ үед зохион байгуулагч улсын бэлтгэл 90 хувьтай хангагдаж, нийт тасалбарын 80 хувь нь борлуулагдаад байна.
 
Хөл бөмбөгийн ДАШТ-ийн нээлт 6 дугаар сарын 14-ний өдөр Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд, ДАШТ ОХУ-Саудын Арави улсын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ. ДАШТ-ний үеэр 32 шигшээ багийн 62 тоглолтыг гадны 500 мянган хөгжөөн дэмжигч үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан. 
ДАШТ-ийг үзэхээр төлөвлөж буй хөгжөөн дэмжигчид http://www.fan-id.ru хуудсанд байршуулсан цахим анкетыг бөглөх, эсвэл ОХУ дахь үнэмлэх олгох төвд зохих журмын дагуу бүртгүүлэн хөгжөөн дэмжигчийн үнэмлэх авах шаардлагатай. Уг үнэмлэх нь тасалбарын хамт тоглолтын талбайд саадгүй, шуурхай нэвтрэх боломжтой юм. 
Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх нь үзэгчдэд үнэ төлбөргүй олгогдох бөгөөд хөл бөмбөгийн тэмцээнийг нэг удаа үзэх эрх бүхий нэвтрэх баримт бичиг болно. Гадаадын иргэнд олгогдсон хөгжөөн дэмжигчийн үнэмлэх нь цаасан болон цахим хэлбэртэй байх бөгөөд энэ нь ОХУ руу визгүй нэвтрэх, түүнээс гарах эрхийн баримт болох юм. Хөгжөөн дэмжигчийн үнэмлэхээр ОХУ-д визгүй нэвтэрсэн гадаадын иргэн ДАШТ-ий эхний тоглолт болох өдрөөс 10 хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 04-ний өдрөөс ДАШТ-ий сүүлийн тоглолт болсон өдрөөс хойш 10 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 25-ны дотор ОХУ-аас гарсан байх шаардлагатай.
Хөл бөмбөгийн ДАШТ Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Владивосток, Нижний – Новгород зэрэг ОХУ-ын 11 томоохон хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох юм. ОХУ Хөл бөмбөгийн ДАШТ-д зориулж Ростов- на- Дону, Самара зэрэг хэд хэдэн хотод цэнгэлдэх хүрээлэн сэргээн засварлаж, зарим хотод шинэ цэнгэлдэх хүрээлэн барьсан. Харин одоо эдгээр цэнгэлдэхийн барилгын ажил дуусч, туршилтын тоглолтууд эхлээд байна.
Дашрамд сонирхуулахад өнгөрөгч оны 9 дүгээр сараас эхлэн Хөл бөмбөгийн ДАШТ-ний цом дэлхийн улсууд болон, Оросын хотуудыг тойрох аяллаа эхлүүлсэн билээ. Одоогоор цом ОХУ-ын 20 гаруй хотоор аялаад буй бөгөөд нэг хотод 3 орчим хоног байрлаж, олон нийтийн хүртээл болж буй юм. ДАШТ-ийн цомын тойрон аялал 6 дугаар сарын 3-ны өдөр Москва хотноо хүрэлцэн ирснээр өндөрлөж, Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд бэлэн болох юм.
Л.Нандиа


Сурталчилгаа
Монгол брэнд