top banner

Орос-Хятадын худалдааны эргэлт 2018 онд 100 тэрбум ам доллараас давна


2018-05-13 22:56:33
Зураг
 Бээжин /МОНЦАМЭ/. “Хятад улс ОХУ-тай хийх худалдааны эргэлт тасралтгүй хурдацтай өсөх нөхцөл улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд хоёр талын худалдааны эргэлт багадаа хоёр оронтой тоогоор өсч, 100 тэрбум ам.доллараас давах төлөвтэй байна” хэмээн Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фөн өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. Мөн тэрбээр  "ОХУ-ын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалж, зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, эхний 4 сарын байдлаар Хятадаас ОХУ-д хийж буй экспортын хэмжээ 21 хувиар өссөн нь ийм дүгнэлтэд хүрсэн хэмээн Хятадын Худалдааны яам үзэж байна” гэв.
ГЕГ-ын статистикаас харахад, энэ оны эхний 4 сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 31.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн Хятад улс ОХУ-аас экспортолж буй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ч нөлөөлжээ.
ОХУ-ын талын статистик мэдээллээр, энэ оны эхний 4 сарын байдлаар ОХУ-аас БНХАУ-д нийлүүлсэн түүхий газрын тосны хэмжээ 12.4 сая тоннд хүрсэн нь 47 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ингэснээр ОХУ нь сүүлийн хэдэн сарын турш Хятадын хамгийн том газрын тос нийлүүлэгч орон болоод байна.
Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх салбар, бүтээгдэхүүнүүд нэмэгдэж байгааг тэрээр онцолж байв. Тухайлбал, хоёр орны хооронд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, энэ оны эхний улирлын байдлаар ОХУ-аас БНХАУ-д экспортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 35 хувиар нэмэгдсэн байна.Түүнчлэн ойрын жилүүдэд хоёр орны хооронд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт болон томоохон төслүүдийн үр дүнд БНХАУ-аас ОХУ-д хийж буй хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалтын гэрээнүүд нэмэгдсэн байна. Тодруулбал, эрчим хүч, цөмийн эрчим хүч, нисэхийн салбар, дэд бүтэц зэрэг салбаруудад хийж буй стратегийн шинж чанартай томоохон төслүүд нь хоёр орны худалдаанд чухал нөлөө үзүүлсэн.    
“Цаашид Худалдааны яам, ОХУ-ын талтай илүү үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж, худалдааны оновчтой механизмыг байгуулж, худалдааг илүү хөнгөвчлөх, нэмэгдүүлэх бүтээгдэхүүний төрлийг нэмэх зэргээр идэвхтэй ажиллана” гэдгийг Гао Фөн илэрхийллээ.
 
А.Анхбаяр
 
 
 
  
 


Монгол брэнд