top banner

Хятадын тал АНУ-д айлчилж, хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв


2018-05-13 23:10:43
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. “Хятадын тал тохиромжтой цагт АНУ-д холбогдох албан тушаалтнуудыг илгээж,  хоёр улсын эдийн засгийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг зөвшөөрч байна” хэмээн БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фөн мэдээлэв.
Тэрээр хэлэхдээ “АНУ-ын Сангийн сайдын захидлыг бид хүлээн авсан. Уг захидалд БНХАУ-ын дарга  Ши Жиньпиний тусгай элч, ХКН-ын Төв хорооны УТТ-ны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд сайд, АНУ-Хятадын эдийн засгийн яриа хэлэлцээрийн Хятадын талын ахлагч Лю Хө-г албан ёсоор АНУ-д айлчилж, хоёр орны худалдааны асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэхийг урьсан. Хятадын тал энэхүү урилгыг хүлээн авч, тохиромжтой цаг үед АНУ-д айлчилж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг зөвшөөрч байна. Хоёр талын ажлын хэсэг яг одоо нягт харилцаа холбоотой ажиллаж байна” гэв.
Энэ сарын 3,4-ний өдөр АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинээр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-д айлчилж, хоёр орны худалдааны тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн. Улмаар хоёр орны худалдааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь эдийн засгийн харилцаанд ихээхэн чухал учир үүсээд буй асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх хэрэгтэй хэмээн талууд санал нэгдээд байгаа юм.  
 Мөн АНУ-ын Хятад улсад хийх экспорт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оюуны өмчийг хамгаалах, татварын болон татварын бус асуудлуудын талаар санал солилцож, зарим асуудлаар нэгдмэл байр сууринд хүрсэн. Түүнчлэн зарим нэг асуудлууд дээр хоёр тал нилээд томоохон маргаантай байгаа учир харилцаа холбоогоо сайжруулж, ахиц гарган шаардлагатай хэлэлцээ хийх нь зүйтэй хэмээн үзжээ.  
 
А.Анхбаяр
 
 
 


Монгол брэнд