Элчин сайд Ц.Батбаяр Кубын Жүдо бөхийн үндэсний холбоонд зочлов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2018-05-14 16:23:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Кубын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Рафаель Мансо Рэеэстэй уулзаж, 1965 онд өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулагдсан “Серро Пеладо” спортын цогцолбор сургууль дахь Кубын жүдо бөхийн үндэсний шигшээ эмэгтэй, эрэгтэй багийн дасгалжуулагч, тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцав.

Кубын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Рафаель Мансо Рэеэс болон Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний институтийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Марта Лидиа Руйз нар Элчин сайд Ц.Батбаярыг Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институтийн байранд хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд Монгол, Кубын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамтарсан бэлтгэлийг ойрын хугацаанд зохион байгуулах, тамирчид, дасгалжуулагчид солилцох, тус тусын зохион байгуулж буй тэмцээнд харилцан оролцуулах зэргээр цаашид идэвхитэй хамтран ажиллахаар тохиролцов.

Бүгд Найрамдах Куба Улсын тамирчид 1900 онд Парист зохион байгуулагдсан Зуны Олимпын наадамд анх удаа оролцсоноос хойш 220 медалийг эх орондоо авчирсан бөгөөд тэдгээрийн 70 нь алт, 68 нь мөнгө, 75 нь хүрэл медаль бол олон медаль хүртсэн тэргүүлэх спортын төрөл нь бокс /73 медаль/, хөнгөн атлетик /40 медаль/, жүдо бөх /36 медаль/ аж.
Холбоотой мэдээ