Бүтээлч ахмад багш нараас үлгэр дууриал авахыг уриалав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-05-14 16:38:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ахмад багш нарын холбооны санаачилгаар БСШУСЯ-ны дэмжлэгтэй “Бүтээлч ахмад багш нарын зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа.  
Энэхүү зөвлөгөөн ахмад багш нараа хүндэтгэх, хайрлах, тэднийг алдаршуулах, сурган хүмүүжүүлэх туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой юм. Зөвлөгөөнд Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амар, тус холбооны гүйцэтгэх захирал, гавьяат багш Ц.Амгалан, ардын багш Т.Алтанцэцэг, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат багш Ц.Сарангэрэл, Хэнтий аймгийн ахмад багш нарын  холбооны тэргүүн Ж.Сүхбаатар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гавьяат багш Ш.Оюун, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ахмад багш Д.Дэнсмаа, Барилгын коллежийн ахмад багш М.Тогоо, сургуулийн өмнөх боловсролын ахмад багш, МУБИС-ийн хүндэт профессор П.Дулмаа  нарын бүтээлч ахмад багш нар үг хэлж, илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Зөвлөгөөнд оролцогчид ахмад багш нараа хайрлан  хүндэтгэх, тэднээр бахархах, үлгэр дууриал авч суралцах талаар нийт багш нар, боловсролын салбарынханд хандан уриалга гаргасан юм.  
Гурав дахь удаагаа болж буй уг зөвлөгөөнд сургалт хүмүүжлийн ажлыг шавь нарынхаа дунд үр бүтээлтэй гүйцэтгэж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ахмад багш нар бүтээлч ажлаараа шалгаран оролцов.

Холбоотой мэдээ