Үлийн цагаан оготны устгалыг 72 мянган га талбайд хийж байна

Орон нутагт | Дундговь
189@montsame.mn
2018-05-14 18:14:31
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 7 сумын 72,5 мянган га талбайд бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготны устгал хийж байна.

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээнийн хүрээлэнгийн хооронд байгуулсан “Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй мэрэгч амьтан, царцааны тархалт, хөнөөлийн тодотгох судалгаа хийлгэх тухай” гэрээний дагуу Дундговь аймагт хөнөөлт мэрэгчдийн тархалт, олшролыг тодотгох судалгааг өнгөрсөн сард хийжээ. Судалгаагаар Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Дэрэн сумдын нутгаар тандалт хийж үлийн цагаан оготны тархалт хэт олшролын шатандаа орсон байна гэсэн дүгнэлт гарсан байна. Үлийн цагаан оготны тархалт нийт нутаг дэвсгэрийн 17,8 хувийг эзэлсэн аж. Хөнөөлт мэрэгчийн тархалт хэт олшролын шатанд орсон тохиолдолд бэлчээрийн ургамлын 40-өөс доошгүй хувийг хөнөөдөг хэмээн үзжээ.   

Үлийн цагаан оготны устгалын ажилд энгийн механик болон микробиологийн аргыг хослуулан хэрэглэх нь үр дүнтэй байна. Судалгааны дүнд үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр 50 мянган га талбайд, орон нутгийн хөрөнгөөр 22,5 мянган га талбайд устгалын ажлыг явуулж байна.

Түүнчлэн устгалын ажилд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 70 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байгаа ажээ.
 
 Б.Ундармаа
Холбоотой мэдээ