Толбо-Хашаатын даваа чиглэлийн замын ажил төлөвлөгөөнөөсөө хоцорч явна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-15 10:42:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хэсгийн барилгын ажил төлөвлөгөөнөөсөө хоцорч явна.

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Өлгий-Толбо, Өлгий-Цагааннуур чиглэлийн 100 км хатуу хучилттай зам 2014 онд ашиглалтад орсон юм. Замын үлдсэн хэсэг болох Толбо-Хашаатын даваа чиглэлийн 60 км замын ажил 2015 онд эхэлсэн билээ.

Замын явцын талаар аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын авто замын хяналтын улсын байцаагч И.Байдолоос тодруулахад, Замын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "China Huashi Enterprises" компани ажиллаж байгаа. Ирэх 11 дүгээр сарын нэгэнд ашиглалтад өгөх юм. Уг зам нь асфальт бетон хучилттай, зорчих хэсгийн өргөн долоон метр, хөвөө нь 1,5 метр байх юм. Мөн гурван төмөр бетон гүүр, 52 дугуй хоолой, 14 дөрвөлжин хоолой баригдана. Барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 26 хувьтай байна. Ажиллах хүчний виз, хил, гаалийн асуудлуудаас болж хуваариасаа хоцорч явна. Ямар ч байсан төлөвлөсөн хугацаанд багтаан дуусгаж, замын хөдөлгөөнийг нээнэ гэлээ.

Харин энэ замтай хамт баригдах ёстой Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км замын ажил тендерийн маргаанаас шалтгаалан гацсан хэвээрээ байгаа ажээ.
 

Ө.Нурболат


Холбоотой мэдээ