top banner

О.Маш-Эрдэнийн Монголын угсаатны зүйн цуглуулгад 10.000 шахам үзмэр бий


2018-05-15 13:10:02
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Яармагт Монголын Угсаатны зүйн Гэр музейн эзэн О.Маш-Эрдэнэд маш ховор нандин үзмэр байдгийг дуулаад түүнтэй уулзахаар очсон юм. 

Хашаандаа битүү модтой,  таван ханатай монгол гэрийн шалыг цементэлсэн байх бөгөөд гэр дүүрэн эртний эд өлгийн зүйлсийг байрлуулжээ. 60 гаруй насны эрдэм бичгийн бололтой хүн орж ирсэн нь бидний зорьж очсон О.Маш-Эрдэнэ гуай байв.



О.Маш-Эрдэнэ гуай хууль эрх зүйн мэргэжилтэйгээс гадна  орос, англи, франц, герман, перс хэл эзэмшсэн, 1974-1983 онд тухайн үеийн МАХН-ын Төв хороонд, 1981-1983 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалын туслахаар ажиллаж байжээ. Мөн 1983-1987 онд Афганистан улс дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд үүрэг гүйцэтгэсэн дипломатч хүн юм.

Биднийг очиход тосч авсан залуу бол түүний хүү М.Золбаяр. Энэ залуу мөн л аав шиг  англи, орос, герман, япон хэлтэй, Монголын түүх соёлоо дээдэлдэг нэгэн аж.


 Монголын угсаатны зүйн холбогдолтой цуглуулгаа 1990 оноос эхэлж, хуучны эд зүйлийн нэлээд үзмэртэй  болжээ. 2005 оноос Угсаатны зүйн гэр музей болгож хүмүүст сонирхуулж эхэлсэн байна. Хуучны сархигнаг тоонотой 4 ханатай гэрт тийм ч олон эд зүйл багтахгүй болохоор 5 ханат болгож томсгон эд зүйлсээ байрлуулж Гэр музейгээ байгуулсан аж.

Эдний музейд 300 гаруй эд зүйлс багтжээ. 30 гаруй жил цуглуулсан модон авдар, хайрцаг, сав суулга, төмөр тогоо, мод, зэс, гууль, төмрөөр хийсэн шанага, хувин сав, таваг, гуулин данх, айргийн хөхүүр, ширээ, сандал, малгай, ууж, дээл хувцас, эмээл, хазаараас эхлээд тэмээнд тохож хүүхдээ дүүрдэг “өөжин”, нохойны идүүр, морин хуур, хөгжмийн зэмсэг, бурхан шашны  эд зүйл гээд Нүүдэлчин Монголчуудын ахуйн соёлыг эндээс харах боломжтой.



Жишээ нь нэг ч хадаас ороогүй углуургатай модон авдар гэхэд 200 гаруй, номын сан хөмрөгт нь Алтангэрэл, Жадамба, Их хөлгөний болон уншлагын судрууд, Чойрын номууд  гээд 3000 гаруй судар дэвхийтэл байх. 100 гаруй жилийн настай 19 дүгээр зуунд хамаарах баян айлын хүүхдийн  уужтай дээл. Монголын ЮНЕСКО-гийн номд орсон хуучны айргийн хөхүүр байдгийг ч тайлбарлав.



Японы Киотогийн Их сургуулийн нэг эрдэмтэн модон сав суулганы гарал үүслийн талаар 27 жил судалгаа хийсэн судлаач 4 жилийн өмнө Монголд 3 хоногийн хугацаатай ирээд Түүхийн музейд байдаг нэг гэрт модон эдлэл буйг хараад ихэд сонирхон зургийг нь авах гэхэд музейн ажилтнууд зөвшөөрөөгүй аж. 



Тэгээд мань судлаач урамгүйхэн нутаг буцах гэж байтал түүний хэлмэрч охины ээж нь О.Маш-Эрдэнэ гуайтай холбож өгснөөр модон сав суулганы үзмэрийг нь хараад нүд нь сэргэж ихэд олзуурхаж билээ хэмээн дурссан.

 
Гэр музейн баруун хатавчинд дөрвөн эвэртэй хонины толгойд модоор их бие хийгээд байрлуулжээ. Энэ ямар учиртай болохыг лавлахад, “Хөвсгөл аймгийн мянгат малчны хотонд төрсөн дөрвөн эвэртэй хонины толгой юм. Энэ бол тэр айлын сэтэртэй хонь. Монголчууд хайртай малаа сэтэрлэж заазлахгүй тахин шүтээд байгалийн жамаар нь наслуулж нүд аниулдаг уламжлалт зан үйл байдаг. 7-8 жилийн өмнө шүтээн болсон хонины толгойг авч ирж өгчээ. Мөн 1800-гаад оны үед томоохон гавьж ламын хэрэглэж байсан үнсэн самбар энд байна. Үүнийгээ тэрбээр ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгүүлэхээр хүсэлт тавьсан гэж байв.



Хөвсгөлийн бөөгийн нэлээд эртний иж бүрэн өмсгөл гэрийн хойморт заларч байна. Цуглуулагч маань Монголын урлаг, соёл, шашин түүх судлаач нартай байнга холбоотой байдаг. Тэднээс нэлээд зүйлийг мэдэж авдаг. Жишээ нь Удган, зайран хоёрын өмсгөлийг нэг дор байлгаж болохгүй гэх жишээтэй. 

Нүүдэлчин овог аймгийн гэрийн эзэн хүн өөрөө л мужаан, дархаа хийдэг бол эхнэр цагаан идээгээ боловсруулах, хоол ундаа хийхийн зэрэгцээ малын арьс, ноосоор гутал, хувцсаа оёж, урлаж ирсэн түүхэн уламжлалтай.

Нүүдэлчин монголчуудын эдлэл хэрэглэлийн нэг онцлог нь нүүдлийн ахуй, соёл, сэтгэлгээтэйгээ уялдсан авсаархан, олон хувилбараар ашиглаж болдог, зай бага эзэлдэг, эвхэгддэг, аяны зориулалттай, бөх бат бөгөөд ур хийц нь өвөрмөц байдаг.



Өдрөөс өдөрт биднээс холдож буй нүүдэлчин ахуй, соёлоо хойч үедээ уламжлуулан таниулах, олон түмэндээ сурталчлах нэгэн нэрийн хуудас нь энэхүү угсаатны зүйн гэр музей юм. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн монголчуудын нүүдэлчин сэтгэлгээ шингэсэн ахуй, соёлыг илтгэсэн сав, суулга, хувцас, хэрэглэл, шашны эд зүйлс байрлуулсан нь сонирхогчид, гадаадын жуулчдын анхаарлыг татахаас аргагүй юм.

Угсаатны зүйн эд зүйлс цуглуулагч аав, хүү хоёр Монголын уламжлалт цайны ёсны талаар өргөн судалгаа хийж цаашдаа энэ талаар өргөн мэдээлэл өгөх ажлыг эхлүүлээд байгаа аж. Монголчууд цайг ихэвчлэн малын сүүгээр сүлж шар тос, хужир давс, тосорхог тэжээллэг хийдгээрээ бусад үндэстний цайнаас өвөрмөц ялгаатай. Нүүдэлчин монголчуудын цайны жор, чанах арга барил, дэг жаягийг бодитоор үзүүлж сонирхуулахаар зэхэж байгаагаа ч дуулгав.



Мөн монголчуудын “Тогоо нэрэх ёсон” ямар байдгийг ч гадаадын жуулчдад таниулан, сурталчлахаар судалгаа хийж байгаа аж. Монголчуудын хэрэглэж ирсэн ундаа бол цагаагаар нэрсэн архи буюу “Монгол нэрмэл архи” юм. Үүнийг нэрмэл, шимийн, сүүний гэх мэтээр нэрлэдэг. Жирийн монгол айлын тогоо нэрэх сонгодог хувилбарыг үзүүлэн тайлбарлах боломжтой. Жуулчдад, сонирхогчдод зориулан улирлын байдлаас шалтгаалан амталгаа явуулах зэргээр олон сонирхолтой санаа сэдээд байгаа аж.
 
Яармагийн гэр хороолол дунд байрлах энэхүү Гэр музейн 0,8 га газрыг орон сууцжуулах дахин төлөвлөлтөд оруулахгүй гэдгийг ХУД-ийн Засаг захиргаанаас шийдвэрлэжээ. Иймд Гэр музейг санаачлагч О.Маш-Эрдэнэ, М.Золбаяр нар энэ газар дээрээ шинэ музейн барилга босгохоор төлөвлөөд байгаа гэдгээ ч бидэнд  дуулгасан. 

Тэдний хурааж цуглуулсан олон үзмэр, эд зүйлс байрлуулах газаргүй учраас чингэлэгт хадгалаатай байгааг ч бидэнд харуулж байв.

Д.Өлзийсайхан 

Гэрэл зургийг Б.Чадраабал


 

Монгол брэнд