top banner

“Asian games fun run-Ulaanbaatar” олон нийтийн гүйлтийг зохион байгуулав


2018-05-16 09:01:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Жакарта-2018" Азийн Зуны наадмыг сурталчилах, олон нийтийн гүйлтийн арга хэмжээг өчигдөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос зохион байгуулав.

МҮОХ, Спорт ба идэвхтэй нийгэм комиссоос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион явуулсан тус гүйлтэнд Азийн олимпийн зөвлөлийн хэвлэл, мэдээллийн албаны менежер Жинс Жоу Жианг тэргүүтэй гадаадын төлөөлөгчид, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон аймаг, нийслэлийн дүүргүүдийн ЕБС-ийн төлөөлөл 300 гаруй сурагч, хүүхэд багачууд ирж оролцлоо.



XVIII Азийн зуны спортын наадам энэ оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-нд Индонез улсын Жакарта, Палембанг хотуудад зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчид, спортын 40 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх юм. Энэ амжилтаараа Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон улс, орны баг тамирчдыг хамруулсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болж байна.



"Жакарта-2018" Азийн наадмыг сурталчилах, Олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, баг тамирчдаа дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Азийн олимпийн зөвлөлийн ивээл "Asian Games -Fun Run" олон нийтийн гүйлтийн арга хэмжээ нь АНЭУ, Катар, Мальдив, Бүгд Найрамдах Ливи улс зэрэг орноор амжилттай буухиалан өрнөж байна.



Дашрамд сонирхуулахад, МҮОХ-ноос Азийн наадмыг сурталчлах, олон нийтийн гүйлтийн “Asian games Fun Run” арга хэмжээг, 2014 онд Инчеоны Азийн наадмыг угтан зохион байгуулж байсан билээ.

Д.Өлзий

Сурталчилгаа
Монгол брэнд