top banner

Хятад улс цахилгаан авто машины борлуулалтаар дэлхийд тэргүүлж байна


2018-05-16 09:25:12
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 4 дүгээр сард Хятад улсын автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар нэмэгджээ.          
Хятадын авто машины аж үйлдвэрлэлийн холбооноос гаргасан статистик мэдэээлэлд дурдсанаар, энэ оны эхний 4  сарын байдлаар тус улсад 225 мянган цахилгаан машин борлуулагдсан ба үүнээс 81 мянга нь өнгөрөгч 4 дүгээр сард борлуулагджээ. Ингэснээр оны эхний дөрвөн сарын борлуулалт 149 хувиар өссөн байна.
Хятадын цахилгаан авто машины борлуулалт тасралтгүй нэмэгдэж байгаа ба 2018 онд 1 сая гаруй авто машин борлуулна гэсэн таамаглалтай байна. Өнгөрсөн жилийн хувьд 770 мянган цахилгаан авто машин борлуулжээ.
БНХАУ-ын Төр Засгаас 2020 он гэхэд жилд борлуулах цахилгаан машины тоог 2 саяд хүргэх зорилго тавиад байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд цахилгаан машин борлуулалтад урамшуулал олгох, бензинээр явдаг авто машины худалдааг тодорхой хэмжээнд хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байна.
Энэ оны эхний улирлын байдлаар дэлхий даяар борлуулж буй шинэ цахилгаан машинуудын тэн хагас нь Хятад улсад ногдож байна.     
Тус улс сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдолтой тэмцэх асуудалд онцгой анхаарч олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь бензин, дизель хөдөлгүүртэй хуучин авто машинуудыг цөөлж, цахилгаан авто машины тоог нэмэгдүүлэх бодлого юм.
А.Анхбаяр


Сурталчилгаа
Монгол брэнд