top banner

Их аваргууд даваагаа ахиулж, Озэки Гоэйдо уналаа


2018-05-16 10:05:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн Нацү башёгийн гурав дахь өдрийн барилдаанд манай Их аваргууд даваагаа ахиулж 3 даваатай болов.

Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Маэгашира Шохозаныг дэвжээнээс түрж давснаар түүнийг 13 дахь удаагаа ялав. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өнөөдрийн өрсөлдөгч Кайсейтэй барилдан давлаа. Тэрбээр Кайсейг 12 дахь удаагаа давсан бөгөөд түүнд Хакүхогийн адил өвдөг шороодож үзээгүй аж. Озэки Гоэйдо шинэ Комүсби Эндотой барилдаж эхний унаагаа авлаа.
Энэ сар Озэки цолны төлөө хүч үзэж буй Сэкиваке Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилыг даван гурав дахь даваагаа авлаа. Харин түүний замд манай аваргууд хөндөлсөх нь тодорхой бөгөөд Озэки Гоэйдо, Эндо, Митакеуми нар ч хүчтэй өрсөлдөгч байх нь мэдээж. Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров, Даэйшёог давлаа.
Маэгашира цолтой манай хоёр бөх энэ өдөр хоёулаа учраа бөхчүүддээ унасан байна. Чиёошома Г.Мөнхсайхан өрсөлдөгч бөх Такарафүжид, Араваши Э.Дөлгөөн Окиноумид тус тус өвдөг шорооджээ. Жюүрёо зиндаанд Кёкүшюүхо, Дайшохо, Азамарюү, Такайнова нар өрсөлдөгчөө давж Миторюү, Тэрүнофүжи, Сэйро нар өрсөлдөгчдөө барсангүй.

Д.Өлзий

Сурталчилгаа
Монгол брэнд