Олс таталтын оюутны улсын аваргууд тодорлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-05-16 10:36:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олс таталтын оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 12-нд “Аварга” биеийн тамирын дээд сургууль /БТДС/-ийн зааланд болж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнд их, дээд сургуулийн эрэгтэй 8 баг, эмэгтэй 7 багийн 130 гаруй оюутан оролцон хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний заавар ёсоор эрэгтэй багийн жин нийтдээ  600 кг хүртэл, эмэгтэй багууд 520 кг хүртэл жинд өрсөлдлөө.

Эрэгтэй багаас I байрт Б.Эрдэнэчимэд дасгалжуулагчтай Аварга БТДС, II байрт Я.Алтангэрэл дасгалжуулагчтай ХААИС, III байрт Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС-ийн багууд тус тус шалгарлаа.

Харин эмэгтэй багуудаас I байрт Б.Эрдэнэчимэд дасгалжуулагчтай Аварга БТДС, II байрт Я.Алтангэрэл дасгалжуулагчтай ХААИС-ийн баг, III байрт М.Дашпүрэв дасгалжуулагчтай МУИС-ийн баг шалгарч, 2018 оны оюутны УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт “Аварга” БТДС, хоёрдугаар байрт ХААИС, гуравдугаар байрт Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС-ийн баг тамирчид шалгарлаа. Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2018 оны тэмцээний хөтөлбөрт анх удаа олс таталтын төрлийг оруулж байгаа юм.

Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв, “Аварга” БТДС-ийн тэргүүн дэд захирал Г.Сүхбат нар оролцож, шилдэг баг тамирчдад шагналыг гардуулав.

Ийнхүү Монголын оюутны аварга шалгаруулах 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн сүүлийн 13 дахь спортын төрлийн тэмцээн олс таталтын төрлөөр амжилттай болж өндөрлөв.

Д.Өлзий
Холбоотой мэдээ