top banner

Тарваган тахалтай тэмцэх чиглэлээр Алтайн БНУ-тай хамтарч ажиллана


2018-05-16 11:45:50
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголу Улсын Баян-Өлгий аймаг гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улстай хамтран ажиллахаар боллоо.

Тэрбээр тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Анарлгүл, Алтайн Бүгд Найрамдах Улсын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Л.В.Щучинов, Алтайн тарваган тахалтай тэмцэх станцын захирал А.И.Мишенко нар хамтран ажиллах протоколд өчигдөр гарын үсэг зурлаа.

Уг баримт бичигт хил орчмын тарваган тахал болон бусад байгалийн гоц халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын дунд ажил хэрэгч зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох, Монгол Улсын Улаанбайшинт, ОХУ-ын Ташанта боомтуудын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх цэгүүдэд хамтарсан дадлага сургуулилт хийх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг асуудлууд тусгагдсан байна.  



"Хоёр  орны судалгаа, шинжилгээний хүрээнд манай аймаг тарваган тахлын голомттой бүс гэдэг нь тогтоогдоод байна. Хамтран ажилласан ОХУ-ын мэргэжлийн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар боломжит бүх талын дэмжлэг үзүүлэх болно" гэдгийг аймгийн Засаг  дарга А.Гылымхан энэ үеэр илэрхийллээ.



Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2017 оноос ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран Ногооннуур, Улаанхус сум, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомтыг судлах ажлыг эхлээд байгаа юм. 

Ө.Нурболат


Монгол брэнд