top banner

Увс аймгийн урлаг, соёлын өдрүүд ОХУ-ын Тува улсад болно


2018-05-16 12:23:45
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-27-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотноо Увс аймгийн урлаг, соёлын өдрүүд болох гэж байна. Энэ хүрээнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, урлаг, соёл, спортын чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулах аж.
Тэрчлэн, хил орчмын аялал жуулчлал форум, дугуй ширээний уулзалт, Эв мод нийлүүлэх ёслол, Увс аймгийн “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчдийн тоглолт, Үндэсний бөхийн барилдаан гэх мэт үйл ажиллагаа болох юм байна. Энэхүү арга хэмжээнд Увс аймгаас зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, амралтын газар, гар урчуудын төлөөлөл болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлахаар явах гэж байна.
Өнгөрсөн онд Боршоо боомтоор Увс аймагт орж ирсэн иргэдийн тоо 80 мянгад хүрчээ. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Тува улстай бүх талаар хамтарч ажиллах, хил орчмын аяллыг зохион байгуулах таатай боломж олгож байгаа аж.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд