top banner

Газар тариалангийн бүс нутгаар 7 аймгийн 60 сумын 113 багийг тогтоосноо зарлав


2018-05-16 12:31:11
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Булган, Архангай аймгийн 60 сумын 113 багийг Газар тариалангийн бүс нутгаар албан ёсоор тогтоож, зарлалаа. 10 гаруй гаруй жил судалсан асуудал ийн шийдэгдэж, тогтоол баталснаар дээрх бүс нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх замаар тариалангийн талбай, хөрсийг хамгаалах үндэс бүрдэж байна. 
1990 оны сүүлээс алслагдсан бүсийн аймгуудаас газар тариалангийн бүс нутгуудад мал бүхий иргэд шилжин суурьших болсон нь хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн тоо толгой огцом өсөх шалтгаан болсон. Тухайлбал, 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ аймаг 3 дахин, Төв аймаг 2.7 дахин өсчээ. Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агро-экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон. Тухайлбал, 2010 онд Ургамал газар тариалан, шинжилгээний дүнгээр ялзмагийн агуулалт 40.5-71.8 хувиар буурч, 0.7-4.2 хувь болж, ялзмагийн үеийн зузаан 15-21 см-ээр багасч, тариалангийн хөрсний 61.4 хувь нь хүчтэй, 64.9 хувь нь дунд зэргийг элэгдэлд орсон нь хөрсний үржил шим алдагдаж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна.

Үүнээс гадна зөвхөн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд 2017 оны байдлаар үр тариа, төмс, хүнсний ногооны талбайд мал орж сүйтгэлээ гэсэн 60 гаруй дуудлага хүлээн авсан байна. Ийнхүү бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн хоорондын зөрчил, маргааны улмаас газар тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох зохицуулалт хийх шаардлага байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт, манай орны нийгмийн хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил зэрэгтэй уялдуулан эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах замаар импортыг орлох, экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгаа.

Иймээс газар тариалангийн бүс нутаг дахь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашлаад малын үүлдэр угсааг сайжруулан малаас өгөх ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалах үүднээс Газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох зайлшгүй шаардлага үүсээд байсан юм. Энэхүү шаардлагыг үндэслэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮЯ-наас судлан боловсруулсан саналыг хэлэлцэн, Газар тариалангийн бүсийг тогтоох тогтоолыг Засгийн газраар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тэр дундаа газар тариалангийн салбарынхны хувьд түүхэн шийдвэр гаргалаа. Газар тариалангийн бүс нутаг тодорхой болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Монголын нийт газар нутгийн 0.5 хувь буюу 1,050,000 га газар л газар тариалан эрхлэх боломжтой гэж тооцогддог. Тиймээс энэ газар тариалангийн хадгалах хэрэгтэй" гэлээ. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улс нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж, Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно” гэж заасны дагуу тариалангийн бүс нутгийг дараах аймаг, сум, багаар тогтоолоо.


Тариалангийн бүс нутгууд   
Аймгийн нэр Сумын нэр Баг  Багий нийт дүн 
1 Сэлэнгэ  Алтанбулаг 1.2.3 3
2 Цагаан нуур 1.2.3 3
3 Ерөө  1.2.3 3
4 Зүүн бүрэн  1.2.3 3
5 Мандал  4.5.6.7.8.9. 6
6 Орхон  1.2 2
7 Сант  1.2 2
8 Баянгол  1.2.3 3
9 Сайхан  2.3 2
10 Жавхлант 1.2 2
11 Түшиг 1.2 2
12 Орхонтуул 1.2.3 3
13 Баруунбүрэн  1.2.3 3
14 Хушаат  1.2 2
15 Шаамар 1.2.3 3
16 Хүдэр  1.2 2
  Нийт     44
1 Төв Аргалант Сумд   
2 Баянхангай Сумд   
3 Угтаалцайдам Сумд   
4 Цээл  Сумд   
5 Баянцогт Сумд   
6 Баянчандмань Сумд   
7 Жаргалант Сумд   
8 Сүмбэр  Сумд   
9 Борнуур  Сумд   
10 Батсүмбэр  Сумд   
11 Архуст Сумд   
12 Эрдэнэсант  1.2.3.4 4
13 Заамар  1 1
  Нийт     5
1 Дархан-Уул Орхон  Сумд   
2 Хонгор 1.2.3 3
  Нийт     3
1 Булган  Хутаг-Өндөр 1.2.5 3
  Нийт     3
1 Хэнтий  Хэрлэн  5.7.8 3
2 Жаргалт хаан  3 1
3 Өмнөдэлгэр  2.3.7 3
4 Бидэр  2.4 2
5 Баян-Адарга  1 1
6 Дадал 1.3 2
7 Норивлин  3 1
8 Батноров  4 1
9 Мөрөн  4.5 2
  Нийт     16
1 Өвөрхангай Хархорин  5.6.7 3
  Нийт      3
1 Архангай Цахир  Жинст  1
2 Хангай  Арбаясгалант 1
3 Тариат  Дэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт 5
4 Чулуут   Зуун мод  1
5 Өндөр-Улаан  Хануй, Тээл  2
6 Батцэнгэл  Баян-Уул, Дэл, Хөнөг 3
7 Ихтамир  Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр  3
8 Төвшрүүлэх  Баян-Өндөр  1
9 Булган  Баянбулаг 1
10 Цэнхэр  Буйлан, Алтан-Овоо  2
11 Хайрхан  Могой, Жарантай, Асгат  3
12 Цэцэрлэг  Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг 4
13 Эрдэнэмандал  Алаг-Уул 1
14 Жаргалант Зуслан 1
15 Хашаат  Жаргалант, Номгон  2
16 Өлзийт  Байшир, Бодонт 2
17 Өгийнуур  Дойт, Орхон, Тоглох 3
18 Хотонт  Бургалтай, Улаан чулуу, Хөөвөр  3
  Нийт     39
  Нэгдсэн дүн  60   113
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд