top banner

Иргэдийн оролцоотойгоор “Нарлаг хотхон” тоглоомын талбай байгуулна


2018-05-16 12:40:32
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хүүхдүүд орчин үеийн жишигт нийцсэн, аюулгүй, тав тухтай орчинд тоглох боломжийг бүрдүүлсэн “Нарлаг хотхон” хүүхдийн тоглоомын талбайг байгуулахаар “Дундговийн бүсгүйчүүд” фэйсбүүк группийн ээжүүд санаачлага гарган ажиллаж байна.

Дундговь аймгийн хувьд төвийн болон гэр хорооллын орчинд тоглоомын талбай байхгүй, хуучин тоглоомын талбайн тоног төхөөрөмж эвдэрч гэмтэн, хүүхэд тоглоход аюултай нөхцөл байдал үүссэн нь эл санаачлагыг гаргахад хүргэжээ. Хүүхэд тоглож наадах орчингүйгээс хөдөлгөөний дутагдалд орох, сэтгэн бодох чадвар муудах, гар утас, дэлгэцэнд донтох зэрэг эмгэг үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аж.

Түүнчлэн Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж нар “Нарлаг хотхон” тоглоомын талбайн ажлыг дэмжин ажиллахаа мэдэгдэж, хандивын аянд нэгдсэн бөгөөд тоглоомын хотхон барих газрын асуудлыг шийдвэрлэж өгчээ. Тус ажлыг санаачлагчдын зүгээс төсөвт дарамт учруулалгүй, нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, дэмжлэгтэйгээр “Нарлаг хотхон” тоглоомын талбайг бий болгохоо онцоллоо. Хотхон байгуулах ажлын хүрээнд ГХБХБГ-ын хамт олны санаачлагаар аж ахуйн нэгж, байгууллагуудаар хандивын аяныг өрнүүлэх ажлыг эхлээд байна. Мөн тоглоомын талбайн ажилд 28 сая 500 мянган төгрөг шаардлагатай байгаа бөгөөд Дундговь аймгийн иргэн бүрийг “Нарлаг хотхон” байгуулах хандивын аянд нэгдэхийг уриаллаа.
Б.Ундармаа 


Монгол брэнд