top banner

“Севилийн үсчин” дуурь шинэчилсэн найруулгаар үзэгчдэд хүрнэ


2018-05-16 16:28:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хошин дуурийн бэлгэ тэмдэг хэмээн зүй ёсоор тооцогддог Ж.Россиний “Севилийн үсчин” хошин дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 19, 20-нд тайзнаа толилуулна.
Сонгодог урлаг сонирхогч та бүхэн энэхүү дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцас, залуу уран бүтээлчдийн содон тоглолт, тайзнаа өрнөх хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг үзэж, нэгэн үдшийг өнгөрөөх боломжтой. 
Тус дуурь нь дэлхийн олон орны тайзнаа  200 гаруй жилийн турш үзэгчдийн таашаалыг хүртсэн бүтээл хэвээр байгаа бөгөөд дуурийг алдарт хөгжмийн зохиолч ердөө 10 гаруйхан гаруйхан хоногт бичсэн гэдэг нь гайхалтай. Дуурийн нээлт  1816 онд Италийн “Аржентина” театрт болсон бол манай театрын тайзнаа 1979 оны 10 дугаар сарын 13-нд үзэгчдэд хүрчээ. Уг бүтээл УДБЭТ-ын тайзнаа амилснаас хойш өнөөг хүртэл нийт 38 жил тасралтгүй тоглоход хоёр удаа сэргээж, гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор үе үеийн үзэгчдэд сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн бүтээл юм.
УДБЭТ-ын урын сангийн бодлогын хүрээнд дэлхий дахины жишгийн дагуу эх хэлээр нь шинэчлэн тоглохоор шийдэж, ингэхдээ өнөө цагийн үзэгчдийн сэтэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар 2017 оны 10 дугаар сарын 28, 29-нд тайзнаа тоглосон билээ. Найруулагчаар Итали улсын найруулагч С.Монтиг урьсан бөгөөд тэрээр дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн XIX зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцсэн юм.
Шинэчлэн найруулсан дуурийн гол дүрүүд болох авхаалжтай, сэргэлэн Фигарод Э.Отгонбат, Л.Болдцэрэн, үзэсгэлэнт бүсгүй Розинагийн дүрийг МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин Б.Одонзаяа, залуу бүсгүйн сэтгэл, хөрөнгөнд шунагч өвгөн доктор Бартологийн дүрийг СТА Б.Алтанхуяг, дуучин Э.Амарсайн, үнэнч сэтгэлтэй эрхэмсэг гүн Альмавивагийн дүрийг СТА Г.Шижирболд, гоцлол дуучин М.Даваадорж, мөнгөтэй хүнд үйлчилж явдаг шунахай багш Дон Базилиогийн дүрийг СТА О.Хүрэлбаатар, гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ, ажилсаг гэрийн үйлчлэгч Бертагийн дүрийг МУГЖ Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Э.Адьяасүрэн, эзэндээ үнэнч, хариуцлагатай зарц Фиореллогийн дүрд СТА Э.Бумхүү, гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар нар дуулах юм. 

Ж.Болор


Сурталчилгаа
Монгол брэнд