top banner

КОНТЕМПОРАРИ БҮЖИГ МОНГОЛД


2018-05-16 17:09:16
Зураг

Монголын Урлагийн Зөвлөл Монголд анх удаа олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг “Моушин Монголиа” нэрээр зохион байгууллаа. Цаашид хоёр жил тутамд зохиогдох уг наадамд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил Колмэн Дэнс”, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хосууд хүрэлцэн ирж, дэлхийн жишигт нийцсэн тоглолтуудаа Монголын тайзнаа тавихаар болсон гэрэлт мэдээг уншигчдад сонсгоход тун таатай байна.

Харин Монголоос бүжиг дэглээч Б.Одбаяр, Э.Эрдэнэжаргал, зураач Ж.Мөнхцэцэгийн хамтарсан “Төрөл авалт” орчин үеийн бүжгийг шинээр дэглэн толилуулж, зураач Ж.Мөнхцэцэгийн “Төрөл авалт” үзэсгэлэнг наадмын туршид гаргаж байгаа нь наадмын цар хүрээг өргөжүүлэн, соёлын олон төрөл зүйлийг таниулж буй явдал болсныг уншигчид хэдийн мэдэх билээ.

АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Кристоф Марк хэлэхдээ “Dance Motion” нь дэлхийн 9 оронд хэрэгждэг олон улсын наадам. Бид үүгээр орчин үеийн бүжгийг Монголд таниулж, хоёр орны соёлын солилцоонд тодорхой дэвшил гаргана гэж үзэж байгаа. Үнэхээр ч хоёр орны уран бүтээлчид харилцан туршлага солилцож чадаж буйн нэг илрэл нь АНУ-аас ирсэн бүжигчид сургалт зохион байгуулахын хажуугаар өөрсдөө монгол бүжиг сурсан явдал юм” гэв.

Нөгөөтэйгүүр мөн дээрхтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн хүн бол Швейцарийн Хөгжлийн агентлагийн захирал Габриела Спирли билээ. Тэрээр “Соёл урлаг бол нийгмийн хөгжлийн цөм. Тиймээс соёлоор дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын тулд шинэлэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, энэ салбарыг дэмжих ёстой” гэсэн байна.



Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Урлагийн зөвлөл ажилласан бол ерөнхий ивээн тэтгэгчээр Швейцарийн Хөгжлийн агентлаг, хамтран зохион байгуулагчаар АНУ-ын Элчин Сайдын Яам, дэмжигч байгууллагаар “Корпорэйт” зочид буудал болон Канадын Элчин Сайдын Яам ажиллажээ.

КОНТЕМПОРАРИ БА ӨНӨӨДӨР БИШРЭЭД МАРГААШ МАРТАХ ЗУРАГ
 
Контемпорари хэмээх төрөл зүйл буюу урлагийн энэхүү чиглэл нь постмодернизмын халааг авсан дүрслэх урлагийн урлагийн чиглэл гэж үздэг. Гэвч архитектур, бүжиг зэрэг урлагийн бүхий л чиглэлд хамааран оршиж буй. Мөнхүү “Contemporary dance” гэх буюу орчин үеийн бүжиг хэмээх тусдаа урсгал хөгжиж хэрхэн биелэлээ олж буй нь “Моушин Монголиа” наадмаас харагдана.

Тодорхой хугацаанд болоод өнгөрдөг урсгалуудаас энэ чиглэл тусдаа яригдах төрөл юм. Орчин үеийн урлагийг нэг өгүүлбэрээр тодорхойлох маш түвэгтэй бөгөөд олон улсын судлаач, шүүмжлэгч нар сүүлийн үед түүхийн талаас нь бичиж эхэлж буй билээ. Тиймээс, энэ чиглэл нь бүрэн судлагдаагүй, цаашид ч илүүтэй хөгжих шатандаа явж байгаа хэмээн үзэж болно.

Хэн нэгэнд сургамж өгөхөөс илүүтэй хэн нэгнийг доглуулах, хэн нэгэн үзэгчийг догдлуулахаас илүүтэй түүнд сургамж өгөхийн аль аль нь контемпорари урлагт буй. Өнөөдөр л сайхан бүжиг үзэж, түүнийг бишрэн сууж байснаа маргааш нь мартаж болно. Урлагийн төлөө урлаг буюу урлаг зөвхөн үнэн байх ёстой гэсэн хатуу байр суурин дээр контемпорари зогсдог. Энэ ёсноос гажуудуулж орхивол ерөөсөө контемпорари байхгүй бөгөөд эцэстээ өнөөгийн урлагт солиорлын түвшин л давамгайлах байсан биз ээ.

Америк дахь контемпорари бүжгийн үүсэл нь Нью-Йорк, Сан Франциско, Лос Анжелес дахь соёлын төвүүдтэй холбогддог ба хөгжилд гол нөлөөлсөн хүн нь Исодора Данкан. Тэрээр эхлээд өөрөөсөө “Бүжиг гэж юу вэ” хэмээн асуусан байдаг. Мэдээж цаашлаад бүжиг юу байж болох вэ, түүний хэлбэр дүрс хөгжмийн зэмсэг, эсвэл шувуудын далавч шиг хэлбэрийг олж чаддаг уу гэсэн асуултууд ургана. Маш олон “яагаад” гэдэг асуултын үр дүнгээс л урлаг бүтдэг шүү дээ.



Ерөнхийдөө балет, танго, вальс зэрэг уламжлалт хөдөлгөөнүүдтэй, үүнийгээ л даган хөгжиж явдаг баригдмал ахуйг өөрчилж задгай, эрхт чөлөөт байдлыг бүжгийн урлагт авчрахыг санаархсан мөчөөс эхлэн өнөөдөр бидний бишрээд маргааш нь мартаж ч болох контемпорари бүжиг үүсэн бүрэлджээ. Мэдээж ийнхүү урлагийн томоохон урсгал нэгэнт бүрэлдсэн учир дотроо өөрийн гэсэн төрөл зүйлүүдтэй байх нь мэдээж. Төрөл зүйлийн магнайнд мэдээж “абстракт” гэсэн тодорхойлолт багтна. Магадгүй үүнийг абсракт уран зурагтай хослуулан оюун ухаандаа дүгнэж болно. Нөгөөтэйгүүр контемпорари бүжиг урьдчилан таашгүй байдал, амьсгал,стандарт биш чөлөөт хөдөлгөөнүүд, өөрсдийн хийсэн тайз нь хамаарна. Тиймдээ тайз бол хөдөлгөөний нэг элемент болон хувирах нь ч байдаг.

Бүжгийн төрлүүд хоорондоо нэг хүн шиг байх, гар хөлөө зөрж солбиулахгүй байхыг шаарддаг. Харин контемпорари бүжгийн хувьд яг л өөр, өөр зүгт гүйлдэж, хоорондоо зөрсөн ритмүүдийг ашигладаг. Энэ нь эрх чөлөөтэй, хэн ч таашгүй, үзэгчийг өөртөө автуулах соронзон мэт хөдөлгөөнүүд байдаг.

Урлаг судлаач Ц.Уранчимэг “Хүн орчинтойгоо хэлбэр, өнгө, хөдөлгөөнөөр харилцдаг. Уул гэж тийм дүрстэй, машин ийм бүтэцтэй гэдэг тогтсон ойлголт хүн бүрийн сэтгэхүйд суусан байдаг. Харин контемпорари урлаг нэг хэвийн ойлголтыг задалдаг” гэсэн нь хамгийн тодорхой дүгнэлт билээ. 

СЭТГЭХҮЙН ЧӨЛӨӨТ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭХҮЙ

Дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчлах зорилготой “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн анхдугаар наадам зураач Ж.Мөнхцэцэгийн “Төрөл авалт” үзэсгэлэнг “Улаан гэр” арт галлерейд нээж, бүжиг дэглээч Б.Одбаяр, Э. Эрдэнэжаргал нарын хамтарсан тоглолтоор нээлтээ хийсэн билээ.

“Төрөлт авалт” үзэсгэлэн болоод зураачийн бүтээлүүд амилвал хэрхэн хөдөлгөөн илэрхийлэхийг бүжгийн үзүүлбэрүүс зочид, төлөөлөгчид хийгээд үзэгчид шимтэн харж байв. Магадгүй тэдний өмсгөлөөс бусад биеийн хөдөлгөөнийг цааснаа дүрслэн буулгахын тулд зурах нь хамгийн сайн арга гэж зохион байгуулагчдын зүгээс үзсэн бололтой. Энэ нь ч зөв байв. Мэдээж бүжгийн хөдөлгөөнөөр уран зургийг утгыг илэрхийлэх нь контемпорари урлагт л байж болох зүйлс билээ. Ийнхүү “Номадик Баллет” продакшны залуусын толилуулсан “Төрөл авалт” бүжгийн үзвэр нь бид өөрсдийн орны уран бүтээлчдийг дахиад жаахан дэмжээд өгчихвөл олон улсын тавцанд орчин үеийн бүжгийн урлагаар өрсөлдөх боломж бүрэн дүүрэн байгааг нотлон харуулав.



Урлаг бидэнд сэтгэхүйн чөлөөт байдлыг эрхэмлэхүйг сургадаг. Бүжигт ч бас энэ нь хамгийн чухаг байдлаар тусдаг гэдгийг ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос ба Орос-Монголын хамтарсан “Вива Арте” утсан хөгжмийн дөрвөл, “Ририй-Вүүдбүри” бүжгийн компанийн "Мэдрэхүй дор" тоглолт болон Канадын “Бил Колмэн Дэнс” бүжгийн компанийн үзүүлбэрүүд харуулсан билээ.

Өнөөдөр чи өөрийгөө олж болох өглөө сэрэхдээ гээсэн байх болно. Дахин эрэлд гарах явцдаа илүү чөлөөтэй, ямар нэг дүрэмд баригдахгүйгээр урлагийн төлөөх урлаг бүтээхийг л тэд эрмэлзэж байна. Энэ нь ч маш амжилттай явагдсан юм. “Моушин Монголиа” наадам нь хоёр жилд нэг удаа зохиогдохоор болсныг дээр дурдсан. Тэгвэл бид 2010 оныг л хүлээх үлдлээ.
 
Тоймч: Б.Алтанхуяг
 
 
 


Монгол брэнд