top banner

Хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ


2018-05-16 18:32:59
Зураг
БРЮССЕЛЬ. /РИА Новости/. Европын Холбоо нь Иранаас нийлүүлдэг газрын тосны төлбөрийг доллараар бус еврогоор хийдэг болох бодолтой байна гэж тус холбооны дипломат эх сурвалж “РИА Новости” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
 
Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс АНУ гарч байгаагийн хариуд эдийн засгийн хэлхээ холбоогоо хадгалан бэхжүүлэх хөтөлбөр боловсруулах талаар “европын гурвал” буюу Франц, Герман, Их Британи болон Иран улс саяхан тохиролцсон тухай Европын комиссын гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини мэдээлсэн юм.
 
Энэхүү тохиролцоо нь газрын тос, байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, банкны үр ашигтай гүйлгээг үргэлжлүүлэх, агаарын, усан замын болон газрын янз бүрийн тээврийн салбарт Ирантай харилцаатай байх, экспортын зээл олгох зэрэг асуудлыг багтаасан байна. Энэ талаархи бодит шийдвэрүүдийг ойрын хэдэн долоо хоногт багтаан боловсруулах аж.
 
Европын Холбооны Эрчим хүч болон цаг уурын асуудал эрхэлсэн комиссар Мигель Ариас Каньете тавдугаар сарын 19-20-нд Иранд айлчлах юм байна. Энэхүү айлчлалын зорилго нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг баримтлахаа батлах хүрээнд эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхэд орших ажээ.  
Лу.Батбаяр


Монгол брэнд