top banner

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд ажлын байртай боллоо


2018-05-16 22:06:41
Зураг
Увс /МОНЦАМЭ/. “LEAD MONGOLIA -2017” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд ажлын байр бий болгох төсөл Увс аймагт амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төслийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй таван ээжийг талх, нарийн боовны болон багаар хамтарч ажиллах чадвар олгох 21 хоногийн сургалтад хамруулснаар “Баялаг өгөөмөр бэйкэри” гэх нарийн боовны цех үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд ажлын байр олдох нь ховор байдаг. Харин одоо бид өөрсдийн хүчээр ийнхүү орлоготой болж байгаадаа баяртай байна” хэмээн тус ээжүүд ярьж байна. Энэхүү төслийг Увс аймагт хэрэгжүүлэхэд гол гүүр болсон хүн нь Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн Англи хэлний багш Б.Солонго аж.
Тэрбээр Увс аймагт Энх тайвны корпусын чиглэлээр ажиллаж байгаа сайн дурын дөрвөн багштай хамтран Улаангом сумын 6 сургуулийн сурагчдын хандивын тоглолт зохион байгуулжээ. Тус хандивын тоглолтын орлогоор “Баялаг өгөөмөр бэйкэри”-д шаардлагатай тоног төхөөрөмж авч, мөн аймгийн ЭМГ-ын сэргээн засах төвд эмчлүүлдэг хүүхдүүдэд хэрэгцээтэй зүйлсээр тусалсан байна. “Баялаг өгөөмөр бэйкэри” нь Цогцолбор 1-р сургуулийн урд байрлаж, талх, бялуу, кекс, пицца, цайны боорцог, еэвэн гэх мэт бүтээгдэхүүнээр хүүхэд залуучууд болон ард иргэдэд үйлчилж байна.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд