top banner

С.В.Лавров: Евразийн их түншлэлээр Монгол Улсад олон боломж гарч ирнэ


2018-05-16 23:44:56
Зураг
Москва /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Москва хотноо хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, 2016 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол, Оросын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн бодит хэрэгжилт болон бүс нутаг, олон улсад тулгамдаад буй асуудлыг хөндөн ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд хоёр орны ГХЯ-ны сайд нар  хэвлэлийн бага хурал хийв.
 
Хэвлэлийн бага хурлын үеэр талууд ШХАБ, НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ 2012 онд Монгол Улс бүрэн эрхт гишүүн болсон/ зэрэг өргөн хүрээг хамарсан талбарт идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэв.
 
“Бид бүс нутаг, олон улсад тулгамдаад буй зарим асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн НҮБ, ЕАБХАБ, ШХАБ зэрэг томоохон талбарт хамтын ажиллагаагаа урьдын адил үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/-той харилцаа холбоогоо сайжруулснаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. 2017 онд Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, ЕАЭЗХ хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан болсон. Цаашдаа ажил эрчимтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд, Евразийн их түншлэлээр Монгол улсад маш олон боломжууд гарч ирэхийг тэмдэглэн, энэхүү томоохон эхлэлд бүх талын дэмжлэг үзүүлэхийг ОХУ-ын ГХЯ-ны сайд С.В.Лавров онцоллоо.
 
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын санаачлагаар Монгол, Оросын хамтын ажиллагаа БНХАУ-ыг эгнээндээ нэгтгэн, гурван талт хамтын ажиллагаа болон өргөжиж байна. Манай улс “Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор” хөтөлбөрт чухал ач холбогдол өгч байгаа. Энэ оны 6 дугаар сард БНХАУ-ын Циндао хотноо болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар гурван улсын төрийн тэргүүний уулзалт төлөвлөгдсөн. Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар судалгааны ажлаа эхлүүлж, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийг зорьж байна” хэмээв.
 Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн тохиролцоог үндэслэсэн, гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичиг тун удахгүй батлагдахыг ОХУ-ын Гадаад харилцааны  сайд С.В.Лавров хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэлээ.
 Тэрбээр “Орос- Монгол- Хятадын эдийн засгийн коридор” хөтөлбөрт  дэд бүтэц, төмөр замын тээвэр, логистикийн үйлчилгээ зэрэг биеллээ олох бүрэн боломжтой төслүүд тусгагдсан. Энэ хөтөлбөртэй холбоотой баримт бичгүүд бэлэн болсон, тун удахгүй батална. Бид энэ хөтөлбөрт Монгол Улсын ашиг сонирхол, тэр тусмаа Орос, Хятад, Европын хооронд транзит тээвэрлэлт хийх боломжийг дээд зэргээр хангахыг зорьж байна. Би буруу санаагүй бол өнгөрсөн жил Монголын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 2,7 дахин нэмэгдсэн. Энэхүү өсөлт нь тээвэрлэлт цаашдаа нэмэгдэх бүрэн боломжтойг харуулж байна” хэмээгээд Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалт үр дүнтэй болсныг онцоллоо.
Л.Нандинцэцэг    
 
 
 


Монгол брэнд