top banner

Осол гаргасан машины дийлэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй байжээ


2018-05-17 06:55:54
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд Монгол Улсад зам тээврийн ослоор 507 иргэн нас барсны 55 нь хүүхэд бөгөөд тэдний 46 нь орон нутгийн замд энджээ. Нас барсан хүүхдийн 83.2 хувь нь 0-15 нас, 16.8 хувь нь 15-аас дээш насных байсан аж. Зам тээврийн осол нь 5-10 дугаар сард түлхүү гардаг ажээ. Ослын дийлэнх нь жолоочийн хариуцлагагүй байдал, архидан согтуурсан үедээ жолоо барих, зорчигчийг зөв тээвэрлэж яваагүйтэй холбоотой байжээ. Осол гаргасан машиныг судлахад ихэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй байсан  гэнэ.
Тухайлбал, 2013-2016 онд  зам тээврийн осол гаргасан автомашиныг судлахад, 2013 онд осол гаргасан 14.662  автомашины 49.8 хувь, 2014 онд 11.630 машины 59 хувь, 2015 онд 41.064 машины 64.4 хувь, 2016 онд 43.375 машины 72.1 хувь нь жолооны хүрд нь буруу талдаа байжээ. 
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1 сая 153 мянга 621 жолооч, 815.009 тээврийн хэрэгсэл байна. Зам тээврийн ослыг 10 мянган хүнд тооцоход 1000 хүн тутмын нэг нь ослоос болж хөгжлийн бэрхшээлтэй, 2000 хүн тутмын нэг нь нас барж байна.
Харин Орхон аймагт өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барж таван хүн гэмтсэн бол Хөвсгөлд зургаан хүн нас барж найман хүн гэмтжээ. Эдгээр мэдээллийг Орхон аймагт зохион байгуулагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” бүсийн зөвлөлгөөний үеэр танилцуулсан юм. Уг зөвлөлгөөнийг Зам, тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс зохион байгуулж, Булган, Хөвсгөл, Орхон аймгийн Цагдаагийн газар, Авто тээврийн Үндэсний төв зэрэг байгууллагууд хамрагдлаа.
Уг зөвлөлгөөний үеэр зам тээврийн ослыг бууруулахын тулд юуны өмнө орон нутгийн замд тэмдэг, тэмдэглэгээг чанартай, стандартын дагуу хийх, шөнө тод тусгалтай лед гэрлээр тэмдэг байршуулах, замын камержуулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ. Мөн 50-100 км тутамд амралтын талбай, зогсоол байгуулахгүй бол жолооч нар зогсох гэж байгаад эсвэл зогсож байгаад зам тээврийн осолд өртөх тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.
Түүнчлэн бага насны хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахын тулд сургууль орчмын бүсийн хайс, хашлага, тэмдэглэгээ, зогсоол, явган хүний замыг бүрэн шийдэх хэрэгтэй гэлээ. Үүнд дунджаар 40 гаруй сая төгрөг шаардлагатай байдгийг ч зөвлөлгөөнд оролцогчид хэлж байлаа. Мөн бага насны хүүхдүүдийг заавал гэрэл ойлгогч хантааз, ханцуйвч өмсгөж сургах хэрэгтэй гэв. Гэрэл ойлгогч  нь 150 метрийн холоос гэрэлтдэг бол улаан хувцас ердөө 55 метрийн холоос л харагддаг байна. Энэ мэтчилэн дээрх зөвлөлгөөнөөр зам тээврийн осолтой холбоотой олон асуудал хэлэлцэж зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.
Зөвлөлгөөн энэ сарын 16-нд болсон бол өнөөдөр эхэлсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хангайн бүсийн зөвлөлгөөн баасан гариг хүртэл үргэлжилнэ.
Б.Оюун-Эрдэнэ


Монгол брэнд