Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдана

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-17 11:06:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 25-нд товложээ.

Дээрх хуулийн заалтаар, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүхэд гомдол гаргах эрхтэй байх мөн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зэрэг үүргийг иргэнийхээ өмнө хариуцах, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх, түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцээр хянан шийдвэрлүүлэхийг нэр бүхий иргэн хүссэн юм.

Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх байсан Дунд суудлын хуралдаан өчигдөр товлогдсон ч хойшилжээ. Учир нт хөндөгдөж буй асуудлын ач холбогдол, маргааны хамрах хүрээ, түүнийг бүрэн гүйцэт шийдвэрлэх шаардлага зэргийг харгалзан УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзсэн байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ